Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2009 онд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар болон Монгол улсын Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам хооронд санамж бичиг байгуулсан.
Тус санамж бичигт БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар тусгасан юм.
“Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар тогтоолын хүрээнд Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-ложистикийн төв” байгуулахаар шийдвэрлэсэн.
ЗГ-ын 152 дугаар тогтоолоор Хятадын талтай хамтарсан “тээвэр логистикийн төв” төсөл хэрэгжүүлэх Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг сонгож оролцуулах ажлыг зохион байгуулах тухай баталсан.