ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛАА ХЭЛЭЛЦЭВ
2025-11-11
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын шуурхай хурал 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр компанийн газар, хэлтсийн удирдлагуудыг хамруулан зохион байгуулагдлаа. Хурлын үеэр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, өмнөх хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн байдал болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв.

 Монгол Улсын Засгийн газраас 2025–2026 онд боомтуудыг төмөр замаар холбох, нийт 2500 км шинэ төмөр замын сүлжээ байгуулах бодлого хэрэгжиж буйтай холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн суурь бүтцээс салаалж барих шинэ чиглэлийн төмөр замуудын төлөвлөлт, хэрэгжүүлэх ажлын үе шат, дарааллын талаар санал солилцлоо. Уг чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахаар боллоо.

 Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах хөтөлбөрийг ирэх онд үргэлжлүүлэх болон ажилчдын үндсэн цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг судлах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд шаардлагатай тооцоо, судалгааг хийж, удирдлагад танилцуулах даалгаврыг хуралдаанаас холбогдох нэгжүүдэд өглөө.