ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
2025-06-15
mtz
  • Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
  • Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна. Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгж 550 гаруй мянган мод тариад байна.
  • Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна. Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм. 
  • "Монголын төмөр зам" ТӨХК нь “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-ийн ногоон байгууламжийн тохижилтын ажилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.