Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Өмнийн говийн тээвэрчид” баярын арга хэмжээтэй зэрэгцэн “Монголын төмөр зам” ТӨХК нь 2025 оны 10-р сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Нээлттэй хаалганы өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун зэрэг зочид оролцлоо.
Тус үйл ажиллагааны хүрээнд төмөр замын салбарт орон нутгийн иргэдийг ажиллах нөхцөлөөр хангах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дараах санамж бичиг болон хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулагдлаа. Үүнд:
- Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, Өмнөговь аймгийн Засаг дарга нарын хооронд Хамтын ажиллагааны гурван талт санамж бичиг
- ШУТИС-ийн Өмнөговь дахь Технологийн сургууль болон Политехник коллежтой Хамтын ажиллагааны гэрээ
Мөн БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжлийн технологийн коллежтой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 9 оюутан 100% тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдаж, төмөр замын мэргэжлээр 3 жилийн хугацаанд суралцах эрхийн батламжаа гардан авлаа.
“Монголын төмөр зам” ТӨХК нь Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудад төмөр замын мэргэжлийг сурталчлах, мэргэжил олгох богино хугацааны сургалтуудыг шат дараатай зохион байгуулж байна. Тухайлбал:
- Ачаа вагон хүлээлцэгч
- Вагон үзэгч засварчин
- Илчит тэрэгний засварчин зэрэг мэргэжлүүдээр 37 иргэн сургалтад хамрагдан амжилттай төгссөнөөс 13 төгсөгчийг компанид шууд ажлын байраар хангажээ.
“Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын тээврийн салбарын хөгжлийг бүс нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан дэмжих, урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх чиглэлд цаашид ч идэвхтэй ажиллахаа илэрхийлж байна.