Мэндчилгээ
2023-03-20
mtz
2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэгч, Монгол Улсын Үндэсний төмөр замын компанийг байгуулах эрхэм зорилго дор “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Өнгөрсөн 15 жил нь компанийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх, хүний нөөц, техник технологийн чадамж, чадавхиа дээшлүүлэн төрийн бодлогыг төмөр замын салбарт хэрэгжүүлэгч компани болох суурийг тавьсан он жилүүд байлаа. Анх 3 хүний бүрэлдэхүүнтэй ТӨХ-ны байран дахь жижиг өрөөнд төвхнөн ажлаа эхлүүлсэн тэр цагаас “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын дэд бүтцийг барих, ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж өдгөө 600 орчим боловсон хүчинтэй, Улаанбаатар хот дахь төв оффис, Өмнөговь аймаг дахь Цогтцэций өртөө, Төмөр замын зам барилгын механикжсан анги, Сэлэнгэ аймаг дахь Төмөртэй өртөө, Замын-Үүд дэх Бүс нутгийн логистик төв, Тяньжин дахь тээвэр логистикийн төв төслийг хэрэгжүүлэгч “Монголиан порт” групп охин компани бүхий салбар нэгжийн зохион байгуулалттай, өнөр өтгөн, мэргэжлийн чадамжтай үндэсний компани болон бэхжсэнээр түүхт 15 жилийн ойгоо угтаж байна. Монгол Улсад дотоодын нэгдсэн төмөр замын сүлжээ байгуулах ач холбогдлын дор үүсгэн байгуулагдсан компанийн эрхэм зорилтыг ажил хэрэг болгож, тухайн чиглэлээр техник эдийн засгийн үндэслэл, судалгаа, зураг төсөл боловсруулан ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад хүчин чармайлт гаргаж, сэтгэл зүрхээ зориулан ажилласан Үе, үеийн удирдлага, хамт олон та бүхэндээ талархал дэвшүүлье! Компанийн хичээл зүтгэл, чадавхийг төр засаг үнэлж 2022 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 434 дүгээр тогтоолоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэн зохион байгуулах, 435 дугаар тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг үүрэг болгосноор “Монголын төмөр зам” ТӨХК нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэгч үндэсний компани болох эрхэм зорилго ажил хэрэг болох үндэс тавигдаж бидэнд их хариуцлага, их итгэлийг өгсөн билээ. Дорнын говьд Монгол инженер, Монгол залуусын оюун ухаан, хүч хөдөлмөрөөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам бүтээн байгуулагдаж, дорно өрнийг холбох хэвтээ тэнхлэгийн төмөр зам барьж зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлж өдгөө тус төмөр замаар 1 сая орчим тн ачаа тээвэрлэлээ. Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Цогтцэций-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын туршилтын тээвэрлэлтийг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлж, 40 мянга орчим тн экспортын нүүрс тээвэрлээд байгааг онцлон дурдахад таатай байна. “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлж, стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилтын хүрээнд “Монголын газрын тосны импортлогчдын мэргэжлийн холбоо”-той санамж бичгийг энэ оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, тээвэрлэлтийг эхлүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна. Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь улс орны ачаа тээвэрлэлтэд зохих хувь нэмрээ оруулж, 2016 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймаг дахь Төмөртэйн төмөр замаар нийт 6,8 сая тн төмрийн хүдрийг тээвэрлэснийг дашрамд дурдахад таатай байна. Ковид цар тахлын хүнд үед Монголын төмөр зам ТӨХК төмөр замын бүтээн байгуулалтыг тасралтгүй урагшлуулахын зэрэгцээ Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс үүрэг хүлээлгэснээр өөрийн эзэмшлийн Бүс нутгийн логистик төвөөр Замын-Үүд-Эрээн хилийн боомтын чингэлэг солилцох үйл ажиллагааг зохион байгуулан 2022 онд улсын хилээр нийт 28824 чингэлэг оруулж, 16597 хоосон чингэлэг, 2735 ачаатай чингэлэг гаргаж тээвэрлэлтийн хүндрэлийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулан ажиллалаа. Бид өөрийн эзэмшлийн зүтгүүр, зам засварын машин механизм, хоппер вагон болон хүний нөөцөд тулгуурлан Төмөр замын зам барилгын механикжсан ангийг байгуулсан бөгөөд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын 56 км төмөр замын дээд бүтцийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Их бүтээн байгуулалт нь их туршлага, чадамжийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Баруун болон Зүүн босоо тэнхлэгийн 1600 гаруй км төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулах концессийн эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Чойбалсан-Хөөт-Бичигт” чиглэлийн 416 гаруй км төмөр замын төслийг нээсэн нь бидний ирэх жилүүдэд хийх томоохон бүтээн байгуулалтуудын эхлэл юм. Мөн баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 орчим км төмөр замын төслийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баруун болон Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж энэ онд Шивээхүрэн-Шинэжинст чиглэлд эхний 300 км, Бичигт-Хөөт чиглэлд эхний 100 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд Засгийн газрын 446 дугаар тогтоолоор Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар хятадын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан. “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны 02 дугаар сард хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын 15-20 орчим км төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд боомтын төмөр замыг 2023 оны 07 дугаар сард ашиглалтад оруулж, 2023 оны 12 дугаар сарыг дуустал тус бүр 250-300 мянган тн ачаа тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ. Төр, засгийн зүгээс компанийг бодлогын хувьд дэмжин томоохон итгэл үзүүлж байгаа бөгөөд их итгэл том хариуцлага дагуулж байгааг “Монголын төмөр зам” компанийн хамт олон гүнээ ухамсарлаж улс эх орны төмөр замын салбарыг хөгжүүлэх их ажилдаа өндөр бүтээлтэй ажиллах эрмэлзэл дүүрэн байна. Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь хөрш орнуудын төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод уялдсан төмөр замын сүлжээг бий болгохын эрхэм үйлсэд тэмүүлж, ирэх 15-30 жилд улс орны эдийн засгийг хүчирхэгжүүлэх төмөр замын салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах үндэсний компани болох хөгжлийн зам зурайж Галт тэрэг хурдалж байна. “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.ГАНХҮҮ