Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон бид төмөр замчдын мэргэжлийн баярын энэ өдрийг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, ололт амжилтаар дүүрэн угтаж байна. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2010 онд УИХ баталж, үндэсний төмөр замын сүлжээг шинээр 6600 км орчим барих шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монголчууд бид үндэсний аж ахуйн нэгж, компаниудтай хамтран Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн нийт 1000 км орчим төмөр замыг цар тахлын хүндрэлтэй цаг үед бүтээн байгуулж, богино хугацаанд барьж чадсан нь бахархал юм. Мөн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замыг Улсын комисст хүлээлгэн өглөө. Ингэснээр тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж өдөрт 9 хүртэлх галт тэрэг аялуулах боломж бүрдэж, компанийн орлого нэмэгдэх, нийгэм эдийн засгийн өндөр үр дүн үзүүлэх нөхцөл бүрдлээ. Өнөөдрийн байдлаар 1.4 сая тн ачаа буюу экспортын нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, Улаанбаатар хотын утааг бууруулах шахмал түлшний түүхий эдийг тээвэрлээд байна. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улс хилийн экспортын төмөр замын 5 гарцтай болохоор зорьж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна. Тухайлбал: Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганц мод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар БНХАУ-тай холбох бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох Шивээхүрэн-Сэхэ боомтын дэлгэмэл уртаараа 19.3 км төмөр замын ажлыг 2023 оны 05 дугаар сард эхлүүлж энэ оны 10 дугаар сард хүлээлгэн өгөх бөгөөд мөн 08 дугаар сардаа багтаан Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт хүртэлх төмөр зам нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжин Хятад-Монгол-Орос гурван улсыг холбосон хамгийн дөт, эдийн засгийн коридорын төмөр зам болох стратегийн онцгой ач холбогдолтой төсөл болж, боомтын хөгжлийг цогцоор нь шийдсэнээр 30-50 сая тонн ачаа тээвэрлэх, тухайн бүс нутгийн ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэх их ажилд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон манлайлан оролцож байна. Баруун болон зүүн босоо чиглэлийн 1700 км орчим төмөр замын бүтээн байгуулалтад оролцогч Үндэсний аж ахуйн нэгжийг шалгаруулж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоо бүхий Тусгай зориулалтын компанийг байгуулж тус төслүүдийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Баруун босоо чиглэлийн “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн” хүртэлх 1255 км гаран төмөр зам, зүүн босоо чиглэлийн “Чойбалсан-Хөөт-Бичигт” хүртэлх 426 км орчим төмөр замыг тус тус “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессын гэрээгээр хувийн хэвшлийн компаниуд хөрөнгө оруулалт оруулах замаар бүтээн байгуулалтуудыг хийхээр хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төмөр замын салбарыг өргөжин хөгжүүлэх их үйлсэд мэдлэг чадвар, ажил амьдралаа зориулж явсан нийт ахмад төмөр замчид болон хөгжлийн түүхийг бүтээгч энэ цаг үеийн мөр зэрэгцэн ажиллаж буй төмөр замчдадаа, тус чиглэлээр сонгон суралцаж буй оюутан залуустаа баярын мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Ган замчдын яруу алдар бадартугай!
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ОТГОНСҮХ