ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
2025-09-30
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралд компанийн газар, хэлтсийн дарга нар биечлэн оролцож, өртөө, зөрлөг, зангилааны дарга нар цахимаар холбогдон, компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, шийдвэрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэв.

  •  Өвөлжилтийн бэлтгэл хангалт, албан даалгаврын биелэлт

Хуралдааны эхэнд өмнөх хурлаар өгөгдсөн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон бусад албан даалгаврын хэрэгжилтийн талаар тайлан сонслоо. Албан даалгаврын хэрэгжилтийг нэг бүрчлэн дүгнэж, үр дүнг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.

  •  Дүрэм, журам шинэчлэл ба сахилга хариуцлага

Компанийн хэмжээнд мөрдөж буй зарим дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр гарсан Гүйцэтгэх захирлын тушаалыг танилцууллаа. Энэ хүрээнд ажилтан, албан хаагчдын хариуцлага, дэг журамд өндөр шаардлага тавих, ил тод, хариуцлагатай байх соёлыг төлөвшүүлэх бодлого баримтлахыг Гүйцэтгэх захирал онцоллоо.

  •  Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн тээврийн ачаалал

Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нүүрс тээвэрлэх хэмжээ нэмэгдэж байгаа тул төв оффист ажиллаж буй зарим удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг орон нутагт шилжүүлэн ажиллуулах асуудлыг хэлэлцэв. Энэ нь орон нутгийн хэмжээнд шуурхай удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг найдвартай, саадгүй зохион байгуулахад чиглэж байна.

Хурлын төгсгөлд хэлэлцсэн асуудлуудын хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийн явцыг компанийн удирдлага үе шаттайгаар хянах, ажилтнуудын санал санаачилгыг бодит ажил хэрэг болгох замаар компанийн үйл ажиллагааны үр дүнг ахиулах чиглэл баримтлахаар болов.