П.Ганхүү: "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалт
2023-05-30
mtz
“Шивээхүрэн-Сэхэ” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлсэн билээ. Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК Гүйцэтгэх захирал П.Ганхүү хэлсэн үгэндээ: ....- Төмөр замын бүтээн байгуулалтад төрийн өмчит “Монголын төмөр зам” компани 51 хувийн, хувийн хэвшлийн “Нарийн сухайт төмөр зам” ХХК 49 хувийн эзэмшлээр хамтарсан компани байгуулан оролцож, улмаар тус төмөр замыг 6 жил тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлсний дараагаар “Монголын төмөр зам” ТӨХК-д бүрэн шилжүүлнэ. Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Өсөх зоос” зэрэг 5 компани хөрөнгө оруулалтад оролцож байна. Энэхүү бүтээн байгуулалт нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ болсон шийдэл гэдгийг онцолъё. Манайх “Шивээхүрэн” боомтын хил холболтын төмөр замаа эхэлж бариад, боомтоосоо дотоод руугаа тэлэн тавих онцлогтой бүтээн байгуулалт болно. БНХАУ-ын Сэхээ төмөр замын өртөө нь хоёр улсын хилээс 2-3 км зайд байрладаг. “Шивээхүрэн-Сэхэ” чиглэлийн төмөр замыг өртөө, зөрлөгийн хамт цогцоор дөрвөн сарын хугацаанд барихаар төлөвлөсөн бол БНХАУ-ын талаас хилийн холболтын төмөр зам барих хугацааг нэг сараар наашлуулах боломжтой гэж мэдэгдсэн. Иймээс Монгол Улс-БНХАУ-ын хилийн хоёр боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалт нь манай талын бүтээн байгуулалт, ажлын явц, үр дүнгээс шууд хамааралтай юм....” хэмээн онцоллоо.