"МТЗ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан: "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын тээврийг үндэсний компани нь буюу "Монголын төмөр зам" ТӨХК хариуцах учиртай

Image

Ковид-19 цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, дэлхий даяар тээвэр, логистикийн хямрал нүүрлэж, гагцхүү төмөр замын тээвэр л саадгүй явж, түүний уян хатан давуутай тал нь илүү мэдрэгдэж байна. Төмөр замаа барьчихсан байсан бол гэж олон нийт илүүтэй хүсэмжилж байгаа энэ цаг үед “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км шинэ төмөр зам ашиглалтад орлоо, тус төмөр замаар тээвэрлэлт хийж эхэллээ гэсэн сайхан мэдээг олон нийт сонссон. Тус төмөр замыг ашиглалтад оруулж, тээвэрлэлт хийж байгаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасантай ярилцав. 

Монгол улсдаа шинээр төмөр зам барьж байгуулан, тээвэрлэлтийг эхлүүлсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олонд юуны өмнө баяр хүргэе. Төмөр зам маань хэдийнээс баригдаж эхлээд, хэзээ дуусаад, тээвэрлэлт хэзээ эхэлсэн, юу тээвэрлэж байна гэдэг дээр та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Монгол улс 2010 онд баталсан “Төрөөс төмөр замын тээврийн баримтлах бодлого”-доо Говийн бүсийн, Зүүн босоо тэнхлэгийн, Баруун босоо тэнхлэгийн, Хэвтээ тэнхлэгийн гэсэн 4 чиглэлийн, нийтдээ 5,600 км урттай төмөр замын үндэсний, дотоодын нэгдсэн сүлжээтэй болно тодорхойлсон байдаг. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам нь энэ бодлогын хүрээнд барьж байгуулагдсан, Говийн бүсийн чиглэлд хамаарах төмөр зам юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шав тавих ёслолын ажиллагаа 2019 оны 5-р сарын 24-ны өдөр болж байсан бол өнөөдөр суурь бүтэц үндсэндээ баригдаж дуусаад байна. Гурван жилийн л ажил. Төмөр замыг ашиглалтад өгөхийн тулд зүгшрүүлэлт хийхийг стандарт шаарддаг, зүгшрүүлэлтийн тээврийг энэ оны 3-р сарын 15-ны дотор төлөвлөсөн хугацаандаа багтааж эхлүүллээ.

Манай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын жилд тээвэрлэх хүчин чадал нь 15 сая тонн, цаашдаа хүчин чадлаа өргөтгөж 30 сая тоннд хүргэх боломжтой. Бид энэ жилдээ зүгшрүүлэлтийн тээврийн хүрээнд 1,2 – 3 сая тонн ачаа тээвэрлэхээр зорьж байна. Эхнийхээ тээврээр Оюутолгойн 6400 тонн зэсийн баяжмалыг Замын Үүд-Эрээн боомтоор гаргаж далайн Тяньжин боомтод хүргэсэн, энэ нь манай улсын хувьд анх удаа Тяньжин боомт хүрсэн шууд экспорт болсон. Далайн боомтод хүрнэ ээ гэдэг дэлхийн зах зээлд нэгдэж байна. Бид энд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж нээгдэж байна.

Зэсийн баяжмалын тээврээс гадна сайжруулсан түлшний түүхий эдийг Улаанбаатар хот руу тээвэрлэлээ, ирэх намар, өвөл энэ тээвэр үргэлжлэн хийгдэнэ. Бидний үндсэн зорилтот ачаа бол нүүрс. Замын Үүд-Эрээн боомтоор хоногт 1 галт тэрэг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зүгшрүүлэлтийн тээвэр эхэлснээс хойш 10 галт тэрэг буюу 30,000 тонн ачаа тээвэрлээд байна. Хятадын тал нүүрс гаргахыг түр зогсоочихоод байгаа нь манай нүүрс тээвэр түр зогсоход хүргэж байна.

Уурхайнуудыг хилийн боомттой холбосон зам харилцаа дутмаг байдгаас болоод манай улс экспортоо санасан хэмжээнд хийж чаддаггүй, нэг зах зээлээс хараат байдалтай, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр зарж чаддаггүй гээд олон олон асуудлууд шийдэгдэх нь ээ?

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын жилд тээвэрлэх хүчин чадал нь 15 – 30 сая тонн гэхээр Монгол улсын жилийн экспортын хэмжээ 15-30 сая тонноор шууд утгаараа нэмэгдэнэ.

Тавантолгой –Зүүнбаян чиглэлийн энэ төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхэлж, Дорноговь аймгийн Зүүнбаян сум хүрч УБТЗ-ын гол шугамтай холбогдон, улмаар Монгол улсад цаашдаа байгууулагдахаар төрийн бодлогод туссан бүх төмөр замуудын шугамд очиж холбогдоно. Гол зангилаа дээр байршилтай ба экспортын 8 гарцаар тээвэрлэлт хийх боломжтой.

  • УБТЗ-ын гол шугамд холбогдсоноор хойшоо Сүхбаатар-Наушк боомтоор, урагшаа Замын Үүд-Эрээн боомтоор тээвэр хийнэ.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд холбогдсоноор Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэр хийнэ.
  • Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд очиж холбогдсоноор Ханги-Мандал боомтоор тээвэр хийнэ.
  • Зүүн босоо тэнхлэгийн төмөр замд очиж холбогдсоноор хойшоо Эрээнцав-Соловьевск боомтоор, урагшаа Бичигт-Зүүнхатавч боомтоор тус тус тээвэр хийнэ.
  • Баруун босоо тэнхлэгийн төмөр замд очиж холбогдсоноор хойшоо Арцсуурь-Цагаантолгой боомтоор, урагшаа Шивээхүрэн-Сэхэ боомтоор тээвэр хийх юм.

Эдгээр төмөр замууд маань барьж байгуулагдсанаар таны асууж буй экспортоо алсын хэмжээнд хүргэх болно.

Сайхан л сонсогдож байна, эдгээр төмөр замууд тэгээд хэзээ баригдаж, бодитой болох бол?

Манай төмөр замаас салаалсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлчихсэн, энэ ондоо багтаад ашиглалтад орчихно, тэгэхээр манай төмөр замаар Ханги-Мандал боомт хүртэл экспортын тээвэрлэлт ондоо багтаад хийгдэж эхэлнэ.  

Засгийн газраас баруун босоо болон зүүн босоо чиглэлийн төмөр замуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон, энэ бол түүхэн шийдвэр. Манай хамт олон эдгээр төмөр замуудын бүтээн байгуулалтыг даруй эхлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Эдгээр төмөр замууд ашиглалтад орсноор төрийн бодлогод тодорхойлсон үндэсний төмөр замын сүлжээ бүрэн утгаараа ажиллаж, экспортын шинэ шинэ гарцууд нээгдэн, Монгол улсын тээвэр, логистикийн саад тотгор бүрэн утгаараа арилах болно.

“Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийж төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр төрийн бодлогоор байгуулагдсан “үндэсний төмөр замын компани” юм. Манай хоёр хөрш улс, цаашлаад бидэнтэй тээвэр, логистикийн харилцаанд ордог бусад улс орнуудад ч гэсэн “үндэсний төмөр замын компани” гэсэн энэ бүтэц үндэсний төмөр замынхаа сүлжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, бие даан хараат бусаар, бизнесийн зарчмаар ажилладаг.  

Төмөр замын бүтээн байгуулалт бол их хөрөнгө шаардсан мега төсөл. Төсвийн эх үүсвэр дутагдалтай манай улс гэлтгүй хөгжилтэй улс орнууд ч тэр бүрий төсвөөсөө мөнгө гаргаад төмөр замаа барьж байгуулах боломжгүй байдаг. Улс орнуудын төмөр замаа барьж байгуулсан туршлагаас харахад ихэнхдээ концессоор хувийн хэвшлээр бариулаад тодорхой хугацааны дараа төрийн өмчид эргүүлж авах, эсхүл төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулаад ашиглалтын явцад нь төрийн оролцоо, хяналтаа хадгалж явах арга замаар хэрэгжүүлж ирсэн байна.

“Монголын төмөр зам” ТӨХК нь зүүн босоо буюу Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн 426,6 км болон баруун босоо буюу Арцсуурь-Шивээхүрэн-Нарийсухайт чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтыг зураг төсөл-барих-ашиглах-шилжүүлэх концессийн эрхээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулна. Энэ ондоо багтаад хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Асуулт 4: Төмөр зам барьж байгуулахад их хөрөнгө шаарддаг хэдий ч ашиглалтын зардал өөрийн өртөг хямд гэж яригддаг, автотээвэртэй харьцуулахад хямд байх уу?

Хямд байлгүй яахав, автозамын тээвэртэй харьцуулахад тээврийн өртгийг 2 дахин бууруулна. Ачааг асар их хэмжээгээр тээвэрлэх боломжтой нь гол давуу тал. Ачаагаа тээвэрлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад тээврийн өртгийг хэмнэхээс гадна нэг дор ихээхэн хэмжээний борлуулалт хийх боломжийг олгоно. Автозамын тээврийн нэлээдгүй хэсэг нь төмөр замд шилжсэнээр бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудлыг үлэмж багасгах экологийн ач холбогдолыг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозамаар жилд 10 сая тонн ба түүнээс дээш хэмжээний нүүрс тээвэрлэхэд өдөр бүр автозамаар 1500 дээш хэмжээний автомашин явж байгаа нь байгаль орчинд нэн их хохирол учруулж байгааг бүгд харж байгаа. Экологийн ач холбогдолд илүү анхаарах шаардлагатай.  Бид төмөр замын трассын дагуу ойжуулалт хийхээр төлөвлөж байна. Энэ нь говийн бүсийн цөлжилтийг бууруулж, элсний нүүдлийг зогсоож, төмөр замыг элсний нүүдлээс хамгаална.

Төмөр замын тээвэр цаг уурын ямар ч нөхцөлд, жилийн 365 өдөр, хоногийн 24 цагт тасралтгүй ажилладаг нь бас нэг давуу тал. Цаг хугацааны үнэ цэнэ алт болсон орчин үед энэ маш чухал хүчин зүйлийг баримтлах ёстой биз дээ.

Төмөр замын тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд төмөр замын тээврийн мэргэжлийн байгууллага, сайтар бэлтгэгдсэн инженер, мэргэжлийн ур чадвар сайтай төмөр замчид хэрэгтэй.

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэй төмрийн хүдрийн орд дээр байрлах Төмөртэй өртөөгөөс Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт эзэмшин ажиллуулж, төмөр замын олон улсын үндсэн сүлжээтэй холбогдож, уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах тээврийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэж ирсэн. Компани нь өөрийн эзэмшлийн 9 зүтгүүр, ачааны 300 гаруй вагонтай ба төмөр замын тээвэрлэлтийг гүйцэтгэх мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг манай төмөр замчид босгосон, одоо тээврийг нь мөн манай төмөр замчид гүйцэтгэж байна.

Тэгэхээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээврийг “Монголын төмөр зам” ТӨХК цаашдаа хариуцаж хийнэ гэсэн үг үү?

“Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн захиалагч, захиалагчийнхаа чиг үүргийн хүрээнд тус төмөр замын зүгшрүүлэлтийг хийгээд, ашиглалтад хүлээлгэж өгөх үүрэгтэй. 

Төмөр замыг энэ оны сүүлээр ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх ба түүний дараа тус төмөр замаар хийгдэх тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэнд хариуцуулан гүйцэтгэх вэ гэдэг тал дээр төрөөс тодорхой шийдвэр, чиглэл гаргах шаардлагатай.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол Монгол улсын үндэсний төмөр замын сүлжээний анхдагч төмөр зам, үүнийгээ үндэсний төмөр замын компани нь хариуцан гүйцэтгэх учиртай, тэгж байж үндэсний гэсэн төмөр замын сүлжээтэй болно, хөгжүүлнө гэсэн төрийн бодлого бодитой болно. Би ингэж л бодож ажиллаж байна.   

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс тус төмөр замыг эзэмшиж, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдах сонирхлоо бас илэрхийлээд байгаа. 1-рт, “Эрдэнэс тавантолгой” ХК нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх туршлага, ур чадвар байхгүй. Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төслийн санхүүжилтийг босгох зорилгоор үүсгэн байгуулагдсан “Зүүнбаян төмөр зам” ХХК-иар дамжуулан удирдаж чадна гэж үзээд байгаа бололтой. Гэтэл “Зүүнбаян төмөр зам” ХХК нь төслийн санхүүжилт босгох зорилгоор байгуулагдсан завсрын бүтэц, төмөр замын тээвэрлэлт хийж ирсэн туршлага байхгүй, мэргэжлийн боловсон хүчингүй.

Иймэрхүү маягаар Монгол улсад бүтээн байгуулагдах төмөр замууд тус, тусдаа эзэмшилтэй, тус тусдаа үйл ажиллагаа явуулаад эхэлбэл нөгөө нэгдсэн удирдлагатай үндэсний төмөр замын сүлжээтэй болж, хөгжүүлнэ гэсэн төрийн бодлого яах уу?

Улс орнуудад “Үндэсний төмөр замын компани” гэсэн бүтэц ажиллаж, улсынхаа төмөр замын гол магистрал сүлжээгээ эзэмшиж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллуулж байдаг. Манай улсын төмөр замын сүлжээ хүссэн ч, эс хүссэн ч тэдгээрийн төмөр замын сүлжээтэй холбогдож ажиллана. Тэрхүү хүчирхэг сүлжээтэй холбогдож, эрх ашгаа эн тэнцүү илэрхийлж ажиллахын тулд манай төмөр замын сүлжээ өөрөө хүчирхэгжиж, хөгжих учиртай.

Хөрөнгөө оруулсан хувь байгууллагын эрх ашиг, институц хоорондын ашиг сонирхол байгаа хэдий ч төмөр замын нэгдсэн сүлжээтэй байх үндэсний эрх ашгаа эхэнд тавих ёстой. Төмөр замыг хэн нэгэн этгээд, хэн нэгэн компани өмчилж, түүгээр тээвэрлэх ачаа бараанд хяналт тавьдаг, зохицуулдаг байж болохгүй, төмөр зам нь нийтийн эзэмшлийн байх ёстой ба түүгээр ачаа бараагаа тээвэрлүүлэх эрх бүгдэд нээлттэй, чөлөөтэй байх ёстой.

Дэлхийн улс орнууд төмөр замыг ашиг олох хэрэгсэл гэхээсээ илүүтэйгээр улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа гэж үзэн үндэсний төмөр замын сүлжээгээ өргөжүүлэн хөгжүүлэх чиг баримжаагаа хадгалж, төмөр замыг либералчлах бодлогодоо ч болгоомжтой, няхуур хандаж байгааг анхааралдаа авах нь зүйтэй.

Дэлхийн улс орнуудын төмөр замын хөгжлийн чиг хандлагын талаар та дэлгэрүүлж яриач, сүүлд эхэлсэн улсын давуу тал нь тэдгээрийн алдааг давтахгүй, харин ололт амжилтыг нь хуулбарлаж хөгжинө гэдэг байхаа?

Төмөр замыг ложистик шийдлийн нэг хэсэг болгох өөрчлөлт орчин үеийн төмөр замын ачаа тээврийн салбарт хийгдэж  байна. Уламжлалт зах зээлд төмөр зам нь дэд бүтцээ бий болгож, ажиллуулах тал дээр илүү анхаарлаа хандуулдаг байсан бол орчин үед үйлчилгээний үр ашигт анхаарлаа хандуулж, ачаа илгээгч, тээвэр зууч, гуравдагч этгээд гээд төмөр замын тээвэрлэлтэд оролцогчид нийлүүлэлтийн сүлжээг цогцоор нь харж, ложистик шийдлүүдийг санал болгодог, сайтар төлөвлөлт бүхий төмөр замын коридор болж хөгжих чиг хандлагатай байна.

Олон улсын төмөр замын тэр коридорт очиж нэгдэхийн тулд зөвхөн дэд бүтцээрээ, төмөр замын рейсээрээ очиж холбогдох нь хангалтгүй. Төмөр замын үйлчилгээнд нэвтрэх, харилцан уялдаатай ажиллах, хил дамнасан төмөр зам, хилийн боомтын харьяа байгууллагын үйл ажиллагаанд нэгдэн орох зэрэг холболтуудыг хийсэн байх шаардлагатай. Холболтыг олон улсын олон талт болон хоёр талт баримт бичиг байгуулж хэрэгжүүлдэг.

“Монголын төмөр зам” ТӨХК нь орчин үеийн энэ чиг хандлагаар Олон улсын төмөр замын холбоо, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэж, дэлхийн төмөр замын салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.

Тээвэр, ложистик өөрөө цогц асуудал гэдэг ч үнэн шүү, энэ 2 асуудлыг салгаж харж ирснийх өнөөдөр манай улс тээвэр, логистикийн хүндрэлд орчихоод байгаа гэдэг дээр та санал нийлэх үү?

Тээвэр, ложистикийг зөв удирдвал тухайн улс орны өрсөлдөх чадварыг огцом нэмж, харин муу удирдвал эдийн засгийн хувьд бусад улс орноос хараат байдал руу түлхдэг гэж ярьдаг, энэ бол үнэн.

Манай улс “Транзит Монгол хөтөлбөр” хэрэгжүүлнэ гэдгээ зарласан, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого ч үүнд чиглэж, ямар ч байсан тодорхой алхамууд хийгдээд эхэлчихлээ. 

Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс бодож төлөвлөж, хийхээр зорьж байгаа тодорхой ажлууд бий.

Хилин боомтуудын төмөр замуудаа барьж эхлэх тал дээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Тухайлбал, Шивээхүрэн хилийн боомтын төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессын нөхцлөөр хувийн хэвшилтэй хамтран барьж байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэн, энэ асуудлаар БНХАУ-ын “Хөх хотын төмөр зам групп” ХХК-тай цахимаар уулзалт хийж, Монгол, Хятад хоёр улсын хилийн Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын хил огтлолын цэгийг тохиролцох тухай асуудлыг хэлэлцсэн ба ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажилдаа ороод байна. Энэ ондоо багтан ажил хэрэг болгоно.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн 51 хувийн оролцоотой “Монгол порт групп” компани нь БНХАУ-ын Тяньжин хотын Дунзьяан боомтод 10 га газрыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 50 жилийн хугацаатай эзэмшиж, “Тяньжин тээвэр логистик төв”-ийг байгуулж тээвэр логистикийн үйлчилгээ эрхлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ нь Монголын төмөр замын дотоодын сүлжээг Тяньжин боомт хүргэх холболтыг бий болгох манай бааз суурь болж хөгжих юм.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Замын үүд дахь “Бүс нутгийн логистикийн төв”-ийг эзэмшдэг. Тус төв нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, уул уурхайн салбарын том оврын  тоног төхөөрөмж болон манай улсаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэх техник технологийн боломж бололцоог бүрдүүлэх болно. Бид тус төвийг түшиглэн ачааны холимог тээврийн терминал, логистикийн үйлчилгээг бий болгож, авто замаас авто зам руу, авто замаас төмөр зам руу ачилтад зориулсан тоног төхөөрөмж, менежментийн системийг иж бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ нь төмөр замын дотоодын сүлжээг өргөжүүлж, олон улсын ачаа тээврийн коридорыг хөгжүүлэх, коридорын дагуу үр ашигтай интермодал ложистик төвүүдийг бий болгох чиглэлд хийхээр бидний зорьж байгаа ажлуудын эхний алхам юм.

Өнгөрсөн оны 11-р сараас цар тахлын хөл хорионы улмаас Замын-Үүд боомт хэрэгжиж байгаа О цэгийн чингэлэг солилцох үйл ажиллагааг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан гүйцэтгэж байгааг бас энэ далимд тодруулаад хэлье. Манай компани О цэгээр орж ирсэн чингэлэгийг хүлээн авах, түүнчлэн хоосон чингэлэгийг Бүс нутгийн логистикийн төв дээрээ хүлээн авч, О цэг рүү ачуулах ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

Асуулт 8:  Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажилладаг, ихээхэн өр ширтэй гэж яригддаг, танай компанийн хувьд байдал хэр байгаа вэ?

Манай компани 2021 оны санхүүгийн тайлангаар 24,5 тэрбум төгрөгийн борлуулалтай орлоготой,  220,7 сая төгрөгийн цэвэр ашигтай гарсан. Намайг өнгөрсөн оны 8-р сард ажил авахад компанийн хагас жилийн санхүүгийн тайлан тэнцлээр 588,8 сая төгрөгийн алдагдалтай, борлуулалтын орлогын төлөвлөгөө тасалдалтай нөхцөл байдалтай байсныг он дуустал хугацаанд нөхөж, биелэлтийг хангаж ажиллаж чадсан.

Өнгөрсөн хугацаанд компанийн ашигт ажиллагааг хангаж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч ажилласан. Компани нь төсөвт байгууллагын чиг хандлагатай ажиллаж ирснийг бизнесийн зарчим, хандлага руу шилжүүлэх зохион байгуулалтыг юуны өмнө хийж ажилласан. 

Манай компани нь төмөр замын зам засвар, арчлалтын 82 төрлийн машин механизм бүхий, мэргэжлийн бэлтгэгдсэн замчид, боловсон хүчинтэй зам ангитай. Тус зам ангийг бие даалган салбарын зохион байгуулалтад шилжүүлсэн. Тус зам анги нь жилд 100 км төмөр замын суурь бүтэц барих, 50 -60 км зам засварын ажил гүйцэтгэх хүчин чадалтай юм. Одоогоор тус анги Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийн үе угсрах ажлын нэг хэсгийг гэрээгээр хийж гүйцэтгэхийн зэрэгцээ тус төмөр замын зам засвар, арчлалтын ажлыг мөн гэрээгээр хийж гүйцэтгэж байна. Цааш цаашдаа баригдах төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох, баригдсан төмөр замуудын зам, засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой нэгж байгаа юм.

Төмөр замын байгууллагын өрсөлдөх чадварын нэг гол үзүүлэлт нь хөдлөх бүрэлдэхүүн. Хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр байнга анхаарлаа хандуулан ажиллаж байна. Юуны өмнө зүтгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр үйлдвэрлэгч компани болон санхүүгийн байгууллагуудтай ярьж байна, ондоо багтаад 4 зүтгүүр авахаар зорьж байна. Вагоны хувьд өнгөрсөн онд 30 вагон авсан, энэ жилдээ хувийн эзэмшлийн вагонуудаар тээвэрлэлтээ гүйцэтгээд, ирэх оноос вагоныхоо тоог нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна.

Компанийн хамгийн гол капитал бол төмөр замын мэргэжлийн боловсон хүчин. Энэ капиталаа бий болгож, тогтвор суурьшилтай ажиллуулж, байнга сургаж хөгжүүлж байж компанийн ирээдүйн зорилго, алсын хараа биелнэ. Манай компанид ОХУ, БНХАУ, БНСУ гээд улсуудад сурч боловсорсон, төмөр замын бүхий л чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байна. Төмөр замын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад мэргэшсэн өндөр ур чадвартай инженерүүдээс эхлээд ашиглалтын бүхий л төрлийн инженерүүд, замчид, тээвэр зохион байгуулалтын инженер ажилтнууд, төмөр замын тээврийн аюулгүй байдлын инженер, байцаагч нар гээд бүхий л төрлийн төмөр замчидтай. Бид ХНХЯ-ны дэргэдэх Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төвтэй хамтран Төмөр замын мэргэжлийн зөвлөлийг санаачилан байгуулаад байгаа ба төмөр замын мэргэжлийн боловсон хүчнийг аттестачлах, сургаж дадлагажуулах тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлээд байна.

Түүнчлэн төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологийг суурьшуулах, компанид үнэ цэнэ авчирах төсөл хөтөлбөрийг бусадтай хамтран хэрэгжүүлэх тал дээр шинийг эрэлхийлэн ажиллаж байна.

Товчхондоо дүгнэж хэлэхэд, “Монголын төмөр зам” ТӨХК нь түүнд даалгасан төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго, чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ төрд ачаалал үүсгэхгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлээд, үр ашигтай ажиллаж байгаа компани болно.

Өр төлбөрийн хувьд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлсэнтэй холбогдуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-д 1 их наяд гаруй, тус төслийн гүйцэтгэгч нарт 70 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа болно. Төслийн гүйцэтгэгч нарт өгөхөөр хүлээгдэж байгаа 70 тэрбум төгрөгийг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжилтийн хуваарийн дагуу энэ 5-р сард багтаан гүйцэтгэх ба харин “Эрдэнэс тавантолгой” ХК-д төлөх төлбөр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ажиллуулж, тээвэрлэлт хийсэн орлогоос төлөгдөх юм.

 Сонирхолтой дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцсан танд баярлалаа, танд нэмж хэлэх зүйл байна уу?

Баярлалаа, яриагаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар эхэлсэн, үүгээр тодруулж хэлээд дуусгая гэж бодож байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бол 100 хувь дотоодын өөрийн хүчээр барьж байгуулагдсан бүтээн байгуулалт. Санхүүжилтийг “Эрдэнэс тавантолгой” ХК гаргаж, төслийг “Монголын төмөр зам” ТӨХК удирдан ажилласан. Төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штабын Барилгын цэргийн удирдах газар, харин доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам ХНН ажилласан, цаана нь  үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцсон. Нийтдээ 10 мянга гаруй хүн оролцож, 3000 гаруй машин техник ажилласан. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага, ажилчид гээд төслийн үр ашиг, өгөөжийг цөөн бус, хэдэн арван аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хүртсэн, тэдний хүч хөдөлмөр шингэсэн үндэсний том бүтээн байгуулалт болсон юм шүү. Бид хийсэн бүтээснээ зөв үнэлж чаддаг байх ёстой.

Монголчууд өөрсдийн хүчээр төмөр замаа барьж байгуулсан бүтээн байгуулалт болохын зэрэгцээ Монгол улсад цааш, цаашдаа баригдах төмөр замын бүтээн байгуулалтын норм, нормчлолыг шинээр боловсруулан, төмөр замын 1 км-ийн харьцангуй хямд жишиг өртгийг тогтоон, төмөр зам барих арга ажиллагаа, ур чадварыг бий болгож чадсан нь тус бүтээн байгуулалтын нэгэн онцлох ач холбогдол юм.

Энэ далимыг ашиглаад Монгол улсын анхны төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцсон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олондоо болон “Эрдэнэс тавантолгой” ХК, Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн, “Улаанбаатар төмөр зам” ХНН, туслан гүйцэтгэгч 106 компанийн хамт олон болон дэмжин тусалж, хамтран ажилласан бүхий л байгууллага, хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

  • 2022-05-06 14:20:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга
    2022-05-17 09:47:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд мод тарьж байна
    2022-05-12 15:40:00
    Монгол Улсын төмөр замын компаниудын тогтвортой хөгжлийг үнэлж, мониторинг хийх, бодлогын шийдвэр гаргах, стратеги төлөвлөх талаар илтгэл тавилаа
    2022-05-09 10:39:00
    "МТЗ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан: "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын тээврийг үндэсний компани нь буюу "Монголын төмөр зам" ТӨХК хариуцах учиртай
    2022-05-06 14:20:00
    Туркийн Анкара-Измир өндөр хурдны төмөр замын төсөл хэрэгжинэ
    2022-05-04 14:30:00
    Орос, Хятадыг холбох зориулалттай Амар мөрнийг гатлах анхны төмөр замын гүүрний хэсгийг Орос улс барьж дуусгалаа
    2022-05-04 14:26:00
    Бээжингийн Фэнтай төмөр замын өртөө сэргээн засварласны дараа ашиглалтад ороход бэлэн болжээ
    2022-05-04 14:03:00
    МЭДЭГДЭЛ
    2022-04-26 16:29:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2022-04-26 15:57:00
    МОНГОЛ, ТУРКИЙН ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БИЙ БОЛГОХ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО
    2022-04-20 13:27:00
    АРЦСУУРЬ-НАРИЙНСУХАЙТ-ШИВЭЭХҮРЭН, ХӨӨТ-ЧОЙБАЛСАН, ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛ БҮХИЙ ГАДААД, ДОТООДЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УРЬДЧИЛСАН СОНГОЛТОД ОРОЛЦОХ САНАЛЫН УРИЛГА
    2022-04-19 10:17:00
    "Тавантолгой-Зүүнбаян" төмөр зам-Бүс нутгийн хөгжил
    2022-04-13 14:42:00