Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН СТАНДАРТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА НЬ НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙНХ

Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН СТАНДАРТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА НЬ НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙНХ

Image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шинэ төмөр зам төслийн нэгжийн дарга Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Үндэсний бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусч нээлтээ хийх хугацаа нь жаахан хойшиллоо. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц өнөөдөр хэдэн хувьтай явж байна?

-Тавантолгой-Зүүнбаян чиг­лэлийн төмөр замын бү­тээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хэмжээнд газар шорооны ажлын нийт хэмжээ 25 сая тонн куб метр юм. Бид далан барих ажлыг богино хугацаанд 100 хувь хийж, гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар төмөр замын трассын дагуу 595 байршилд ус дамжин өнгөрүүлэх хоолой, 27 байршилд 2427.7 метр урттай гүүрийн бүтээн байгуулалт хийхээс 26 байршилд гүүрийн ажил 100 хувийн, үлдсэн нэг гүүрийн ажил 96 хувьтай, дуусах шатандаа явж байна. Нийт 596 байршлын ус өнгөрүүлэх хоолойг бүрэн хийж дууссан. Төмөр замын далан барихад трассын дагуу ашигласан нийт 340 гаруй карьерыг технологийн дагуу иж бүрэн нөхөн сэргээлт хийж орон нутагт нь хүлээлгэж өгсөн.

-Замын гүүрийн бүтээн бай­гуулалтын гүйцэтгэл маш сайн, ерөнхийдөө барьж бай­гуу­лаад дуусч байгаа юм бай­на. Одоо Таван толгой-Зүүн­баянгийн төмөр замыг ашиглалтад оруулахын тулд хэдий хэрийн хугацаа шаардсан, ямар ажил үлдээд байна?

-Төмөр замын барилга нь дээд болон доод бүтэц гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Доод бүтцийн ажилд газар шорооны ажил /далан/ болон хиймэл байгууламж буюу гүүр, ус зайлуулах хоолой зэрэг багтдаг л даа. Доод бүтцийн ажил дуусах шатандаа ороод явж байгаа учир одоогоор зөвхөн дээд бүтцийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дэлгэмэл уртаараа буюу өртөө зөрлөгийн хүлээн авах, явуулах зам нийтдээ 463.5 километрийн дээд бүтцийн ажлыг хийх ёстой. Төмөр бетон дэрийг тавих ажлын явц 69 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, 842600 ширхэг бетон дэрийг угсарч, байршуулахаас 511520 мянган ширхгийг төслийн талбайд угсарч байршуулсан байна. Харин бетон дэрэн дээр зам төмөр угсрах ажил 278 гаруй километр хийгдсэн буюу 67 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа.

Хөдлөх бүрэлдэхүүний дугуйнаас ирэх ачааллыг далан руу жигд тарааж өгөх балласт буюу буталмал чулуун чигжээс хийх ажлыг 300 гаруй километрт хийсэн.

Төслийн хэмжээнд нийт хоёр өртөө, зургаан зөрлөг барьж байгаа. Тодруулбал, Цогтцэций өртөөний барилга 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зургаан зөрлөгийн барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусгаад, улсын коммист хүлээлгэн өгсөн. Ажилчид маань ашиглалтад орсон байрандаа байрлаад, ажил, үүргээ гүйцэтгээд явж байгаа.

Үндсэндээ 2021 оны зургадугаар сарын 31 гэхэд төмөр замаа бүрэн холбоод, эхний туршилтын галт тэргийг явуулахаар төлөвлөн, ажиллаж байна. Төмөр зам ашиглалтад орсны дараа хоёр сарын хугацаанд суман шилжүүлэг болон цариг тохируулах, дохиолол, холбооны системийн уялдаа холбоог хангах зэрэг туршилт, тохируулгын ажлуудаа хийнэ. Үүний дараа л үндсэн тээвэрлэлт эхэлнэ дээ.

-Сайхан мэдээ байна аа. Ирэх намар гэхэд шинэ төмөр зам маань бүрэн ашиглалтад орох нь ээ гэж ойлголоо. Энэ төлөвлөсөн хугацаанаас хойшлох вий гэсэн эрсдэл байгаа юу?

-Ирэх өвөл гэхэд Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшний нүүрсийг шинэ төмөр замаараа зөөнө. Бидний хувьд ганцхан асуудал байгаа нь санхүүжилт.

-Энэ төмөр замыг барихдаа нэлээд өндөр зэрэглэлтэй байсныг бууруулсан гэж сонссон. Замын зэрэглэлийг бууруулах шалтгаан нь яг юу байсан бэ?

-Анх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г хийх явцад нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам барихаар тооцоолж, эдийн засгийн үндэслэл, зураг төслүүдээ хийгээд явж байсан. Гэхдээ энэ төмөр зам маань Зүүнбаян хүрээд УБТЗ-ын гуравдугаар зэрэглэлийн төмөр замтай холбогдож байгаа. Тэгэхээр энд жингийн хугарал гэж юм үүсдэг.

Жишээ нь, Тавантолгойн уурхайгаас 6000-7000 тонн нүүрс ачсан 100 вагон чирээд ирэхэд УБТЗ яг тэр чигээр нь өөрийнхөө төмөр замаар тээгээд цааш нь авч явах боломжгүй. Өөрөөр хэлбэл, УБТЗ маань 7000 тонн нүүрсний талыг буюу 3500 тонныг нь л авах чадамжтай. Манай нэг удаагийн тээвэрлэлтээр аваад ирсэн ачааг цааш нь хоёр явалтаар тээвэрлэх юм. Ингэхээр үр ашигтай ажиллагаа, ашигт үйлийн коэффициент нь буураад үргүй зардал ихсэнэ. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зам тээврийн сайд болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудын зүгээс өгсөн чиглэлийн дагуу зэрэглэлээ бууруулъя гэдэг шийдэлд хүрсэн. Замын зэрэглэл буурсан үндсэн шалтгаан нь ийм.

-Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төслийг монголчууд өөрсдийн хүч, хөрөнгөөр барьж байгуулж байгаа. Монголчуудын өөрсдөө барьсан төмөр замын стандарт болон зэрэглэл гээд чанарын хувьд давуу, сайн тал нь юу вэ. Хүнээр биш өөрсдөө хийж, бүтээж, барьж байгуулахын давуу тал заавал байгаа гэж ойлгодог?

-Процессын хувьд хамгийн эхлээд талбайн цэвэрлэгээ хийнэ. Байгалийн шимт хөрсийг 10-20 сантиметрийн зузаан хусаад, тэр газраа шинжилгээ хийнэ. Шинжилгээ хийнэ гэдэг нь тухайн хөрсний даац, нягтрал авах чадварыг нягталж, тодорхойлно гэсэн үг. Хэрэв шинжилгээ хийгээд тэнцэхгүй бол дахиад доош нь 20 сантиметрт талбайн цэвэрлэгээ хийж, хөрс солино. Дахиад тэнцэхгүй бол шинжилгээ хийж явсаар хоёр метр хүртэл доош гүн ухах тохиолдол ч байлаа. Говийн хөрсийг хоёр метрээс гүн ухахад даац авах чадвар, нягтралын хувьд ялгаагүй бүр дорддог. Энэ тохиолдолд карьераас тэнцсэн, сайн чанарын материал зөөж нөгөө ухсан хэсэгтээ дүүргэлт хийгээд дээшээ далангаа босгож ирдэг.

Далан босгохдоо тус бүр 30 сантиметрийн үечлэлтэй явна. Мэдээж далан босгох материалаа карьераас татна. Тухайн материал далангийн аль хэсэгт орохоос шалтгаалаад ширхэглэг, даац авах чадвар, хөрсний чийг, уян налархай, шаварлаг чанар зэргийг тогтоох 10 гаруй төрлийн лабораторийн шинжилгээ хийдэг. Лабораторийн шинжилгээгээр нэг л үзүүлэлт тэнцэхгүй бол тухайн карьерыг ашигладаггүй. Нийт төмөр замын трассын дагуу 1-1.5 километр тутамд буюу 340 орчим карьер байгуулсан. Мэдээж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам говийн бүсийн бүтээн байгуулалт учир үргэлж хөрсний бэрхшээлтэй тулгардаг. Говийн хөрс бол цөлийн шаварлаг бүтэцтэй. Тиймээс карьерын олдоц маш муу. Олдсон ч тухайн карьерын тохиромжтой материалын нөөц маш бага байх нь элбэг. Эсвэл 20-25 километрийн зайд байх жишээтэй. Хэрэв далангийн материалыг 20 километрийн цаанаас зөөвөл далан барих шорооны тээврийн зардал нь өсөөд бараг нүүрс шиг үнэтэй болоод ирнэ. Төмөр замын зэрэглэлийг бууруулснаар даланд ашиглах материалын үзүүлэлтүүдийг бага зэрэг бууруулж өгсөн. Энэ нь зардлыг ч бас тодорхой хэмжээгээр бууруулж өгсөн. Гэхдээ далан босгохдоо эхлээд 20-30 сантиметр туршилтын нягтруулалт хийж, тэгэх бүрдээ лабораторийн 10 гаруй төрлийн шинжилгээгээ хийж, шаардлагатай бүх үзүүлэлтүүдийг хангаж явсан.

-Төмөр замын зэрэглэл буурснаар бас тодорхой хэмжээний зардал хэмнэжээ гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам гэж жилд 30 сая ба түүнээс дээш тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр замыг хэлдэг. Даацаараа гэсэн үг. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ТЭЗҮ-ээрээ эхний жилдээ зургаан сая, дөрөв, тав дахь жилээсээ 10, 15, 20 сая гээд дээд тал нь 25 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Тэгэхээр 25 сая тонн ачаа тээвэрлэхийн тулд 30 сая тоннын даацтай төмөр зам барих шаардлагагүй биз дээ. Илүү зардал болно гэсэн үг.

Төмөр замын зэрэглэл гэдэг нь даацын хэмжээнээс хамаарч байгаа болохоос замын чанарт бол ямар ч нөлөө байхгүйг энд онцлон хэлье. Чанар бол нэгдүгээр зэрэглэл, гуравдугаар зэрэглэл алин дээр нь ч адил байдаг. Хэдий Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам гуравдугаар зэрэглэлийнх гэж нэрлэгдэж байгаа боловч төмөр замыг барьсан стандарт, техникийн шаардлага нь үндсэндээ нэгдүгээр зэрэглэлийн төмөр замынх.

Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трасс дагуух уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж төмөр замын тээвэрлэлт нэмэгдэж, ачаалал нэмэгдлээ гэхэд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Магадгүй, цаашаа Зүүнбаян-Ханги, Сайншанд, Баруун-Урт, Хөөт, Нөмрөг, Бичигт гээд шинэ төмөр замууд нэмж бариад, ачаалал бүр ихэслээ гэхэд 50 сая хүртэл тонн тээвэр хийх боломжтой. Бүр цахилгаанжуулах ч боломжтой баригдсан.

Дээр нь БНСУ-ын төрийн өмчит “Korean Railway” компанийн зөвлөхүүд манай төмөр замын трассын дагуу явж үзээд хамгийн сайн материалаар чанартай хийсэн байна гэдэг дүгнэлтийг хэлж байгаа. “Korean Railway” компанийн захирал өөрөө Хятадын Бээжинд олон жил ажиллаад, хэдэн мянган километр төмөр зам тавьчихсан нэлээд туршлагатай хүн байгаа. Тэр хүн бол бараг сар бүр л трассын дагуу явж, манай ажилтай танилцдаг.

Өнгөрсөн зун маш их бороо орсон. Тэр ч утгаараа төмөр замын далангийн чанар байгальд шалгалтаа өгсөн. Манай үндсэн далангаа тойруулж тавьсан түр далан үерт угаагдаж, урссан асуудал нэг хэсэг хэл үг дагуулсан. Гэтэл яг төмөр зам тавигдах үндсэн далан маань огт эвдэрч, сүйдээгүй. Угаагдсан газар нэг ч байхгүй. Зургийн дагуу үндсэн далангийн хамгийн орой хэсгийн өргөн нь 7.3 метр байх ёстой. Гэтэл бид далан нягтруулах индүүний аюулгүй байдлыг хангах үүднээс далангийн орой хэсгийн өргөнийг 8.3 метр буюу нэг метр илүү хийсэн. Өөрөөр хэлбэл манай далан үндсэн даацаасаа гадна нар, салхинд идэгдэх нэг метрийн нэмэлт хамгаалалттай гэсэн үг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

Я.МОНГОЛ

  • 2021-02-01 14:35:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00
    ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Л.ХАЛТАР ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
    2021-03-22 17:07:00
    Д.НЯМЛХАГВА: ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ТУРШИЛТЫН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛНА
    2021-03-18 09:27:00
    МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ МСҮТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ
    2021-03-16 11:30:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-03-15 11:01:00
    ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2021-03-01 08:43:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-02-26 10:23:00
    Р.БАТСҮХ: " УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ БОЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ"
    2021-02-25 16:55:00
    "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    2021-02-18 16:45:00
    Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН СТАНДАРТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА НЬ НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙНХ
    2021-02-01 14:35:00