СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2025-10-30
mtz

 Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн бодлого, суурь бүтцийн үр ашигтай ашиглалт, тээвэрлэлтийн уялдаа холбоог сайжруулах зорилготой “Суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох” дөрөвдүгээр зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдаж байна. Монгол Улсын төмөр замын сүлжээ 3000 орчим километр урттайгаар өргөжин тэлж, суурь бүтэц эзэмшигч байгууллагуудын тоо нэмэгдэж буй энэ үед төмөр замын ачаа тээвэр, логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага улам бүр өсөж байна. Зөвлөгөөний хүрээнд оролцогч талууд төмөр замын тээврийн хөгжлийн өнөөгийн байдал, суурь бүтцийн ашиглалт, ачаа тээврийн урсгал, харилцан уялдаа холбоог сайжруулах арга замын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна.

 Энэхүү зөвлөгөөнийг энэ жил Төмөр замын газар болон “Монголын төмөр зам” ТӨХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголиан Транс Лайн” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.