Х.Хэрлэн: Эдийн засгийн зүүн босоо коридор төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Image

"МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Хэрлэнтэй ярилцлаа.

-Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа авахдаа "Нэн тэргүүнд шинэ төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ" гэж ярьсан.Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх 400 сая ам.долларыг Хятадын хөнгөлөлттэй зээлээр барьж дуусгахаар Засгийн газар шийдсэн. Энэ ажил хэзээнээс хэрэгжих вэ?

-           2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд тус баримт бичигт Монгол улсад нийт 5680 км төмөр замыг гурван үе шатанд хувааж барихаар шийдсэн. Нэг, хоёрдугаар үе шатанд баригдах 1800 км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл болон барих, ашиглах, шилжүүлэх концессийг "МТЗ" ТӨХК-д  тус тус олгосон байдаг.

            2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийт долоон чиглэлийн төмөр замыг барихаар заасан. Үүнээс Нарийнсухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуунсухайт, Оюутолгойн төмөр зам, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт гэсэн таван чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр  ажиллаж байна. Эдгээр таван чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил нь өөр өөрийн гэсэн онцлогтой юм. Тухайлбал Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын хувьд тухайн орон нутагт олборлолт явуулж байгаа "МАК", "Өсөх зоос", "Чинхуа-МАК", “Эс Жи Эс”  гэх зэрэг дөрвөн компанитай "МТЗ" ТӨХК-ийн удирдлагууд  уулзаж ярилцсаны дүнд хамтарсан компани байгуулан 49 хувийг эдгээр компанийн дундын компани, Харин 51 хувийг нь "МТЗ" ТӨХК эзэмшихээр тохиролцсон. Санхүүжилтийг нь эдгээр компанийн нэгдсэн консерциум гаргаад төмөр замаа бариад ашиглаад явъя гэсэн ойлголцолд хүрсэн. Таны асуусан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хувьд Монгол Улс Засгийн газар 280 сая орчим ам.долларын санхүүжилт хийсэн. Одоогийн байдлаар энэ төмөр замын суурь бүтцийн  55 орчим хувь нь бэлэн болсон байгаа. Үүнийг гүйцээж барихын тулд бид хэд хэдэн арга замаар санхүүжилтийг нь хөөцөлдөж байна. БНХАУ-ын Шинхуа компанитай яриа, хэлэлцээр хийж байгаа. Харамсалтай нь хэлэлцээр сүүлийн үед зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор 2017 оны наймдугаар сард Засгийн газар хуралдаад Хятадаас олгох хөнгөлөлттэй зээлийн 400 сая ам.долларыг тухайн төсөлд зарцуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн хүрээнд  Сангийн Яамнаас холбогдох материал БНХАУ руу явсан байгаа. Хэрвээ энэ санхүүжилт шийдэгдвэл компанийн зүгээс дотоод нөөц бололцоогоо ашиглаад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж дуусгана гэсэн тооцоотой байгаа. Зүүнбаян-Ханги чиглэлд ХятадынC.R.E.C компанаар ТЭЗҮ-ийг нь хийлгэхээр санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд холбогдох ажлууд хийгдэж байна. Хөөт-Бичигт чиглэлд Хятадын “Бай Шинь” гэх компани БНХАУ-ын ТЗ-ын  зураг зүйн гуравдугаар товчоотой хамтраад ТЭЗҮ-ийг нь хийгээд дуусаж байна.  

-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт зөвхөн суурь бүтцэд хамаарах уу, эсвэл энд хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, холбоо дохиоллын байгууламж гээд бүгд багтаж байгаа юу?

-Энэ хөрөнгө оруулалтаар зөвхөн суурь бүтэц л барина. Хөдлөх бүрэлдэхүүний асуудлыг тусад нь  шийднэ. Энэ талаар хийсэн хэд хэдэн судалгаа бий. Барагцаагаар 200-250 сая орчим ам.долларын санхүүжилт ахиад шаардагдах болов уу. 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбогдуулан 7000 жолоочийн асуудал байнга хөндөгддөг. Манай улсаас өөр газарт автотээврээр нүүрс тээвэрлэж байгаа тохиолдол ч байхгүй гэх юм. Автомашинаар 26 орчим ам.доллараар тээвэрлэж байгаа тээврийн зардлыг төмөр зам тавьчихвал 6 ам.долларт хүргэх тооцоо байдаг. Энэ тооцоогоор Монгол Улс жилдээ ойролцоогоор 200 сая ам.долларыг тээврийн зардалд алдаад байна гэх юм?   

            -Үнэндээ машинаар нүүрс тээвэрлэж байгаа тохиолдол Монголоос өөр хаана ч алга. Төмөр замаар, нэг бол далайгаар тээвэрлэж байна шүү дээ. Монгол Улс Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд авто замаар жилдээ 20 орчим сая тонн нүүрс тээвэрлэж байна. Энэ чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болно. Төмөр замаар нүүрсийг зөөснөөр тээвэрлэлтийн зардал хэмнэх, байгаль орчны бохирдол багасах, олон зуун машин хилээр нэвтрэх гэж зуун км-ээр дараалал үүсгэдэг асуудлууд арилна.  

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулган дээр Тавантолгойн нүүрсийг ОХУ-ын Восточный боомт хүртэл тээвэрлэх, улмаар зүүн хойд Азийн орнуудад экспортлох талаар шийдэлд хүрлээ шүү дээ. Ашиг олох гэхээсээ илүү геостратегийн хувьд бидэнд ашигтай байх. Үүний хажуугаар ОХУ-ын БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээ өмнөх оныхоос 18 хувиар нэмэгдсэн талаар мэдээлэл гарах боллоо. Таны хувьд энэ хэр оновчтой шийдэл байсан бэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Тавантолгойн  нүүрсийг Восточный боомт руу хүргэх, тэндээсээ дэлхийн зах зээлд хүргэх боломжийн талаар ярилцахдаа ОХУ манайд урт хугацааны тарифийн хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг тохиролцсон. Үүний үндсэн дээр Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх нүүрсний үнэ Тавантолгойгоос Восточный боомт хүрэх нүүрсний үнэ нэг их зөрүүгүйгээр тээвэрлэгдэх боломжтой болж байна. Төмөр замаа барьсан тохиолдолд шүү дээ. Энэ нь, сүүлийн үед яриад байгаа Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав  чиглэлийн төмөр замаар явж Восточный  боомт хүрэх юм. Энэ бол би түрүүн танд хэлсэн төмөр зам барих бодлогын нэг, хоёрдугаар шатанд заасан чиглэл. Манай компани суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл, концессийн эрхийг нь эзэмшиж байгаагийн хувьд энэ төмөр замыг хариуцан бариулах ёстой байгууллага. Дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу бид Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийг  хийхийн тулд өөрийн компанийн хүчин чадлыг дайчлан ажиллаж байна. Ер нь энэ чиглэлийн төмөр зам баригдах ёстой. Яагаад гэвэл бид зөвхөн нэг улсаас хараат байж болохгүй. Тэр тусмаа уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд. Хоёр тийшээ холбосон замтай байж гэмээнэ бид нэг талын гарц хаагдахад нөгөө рүү нь экспортын тээврээ хийх боломжтой.  Зөв шийдэл гэдэгт би эргэлзэхгүй байна. Гашуунсухайтын боомтоор өдөртөө 1500 машин гардаг байсан бол өнөөдөр 500 орчим машин л гарч байна шүү дээ. Машины цуваа 100 км-т хүрлээ. Хоёр талдаа гарцтай тохиолдолд энэ байдал арилна.

-Парисийн хэлэлцээрээс гадна дэлхийн олон автомашин үйлдвэрлэгчид агаарын бохирдлыг бууруулах үүднээс цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэлд нэвтрүүлэхээ мэдэгдээд байна. БНХАУ ч нүүрсний импортоо бууруулж, агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ аваад байгаа. Энэ байдал манай нүүрсний экспортод  хэрхэн нөлөөлөх бол?

-Бүгд нэгэн зэрэг цахилгаан хөдөлгүүртэй автомашинд шилжээд, БНХАУ нүүрсний импортоо огцом бууруулж чадахгүй. Үүнд хугацаа шаардагдана. Харин тэр хэсэг хугацааг бид ихээхэн үр дүнтэй ашиглах шаардлагатай. Төмөр замаа тавиад аль болох богино хугацаанд их хэмжээний нүүрс экспортод гаргах нь Монгол Улсын хувьд ашигтай. ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний экспорт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ хэрээр Оросууд алс дорнод руу чиглэсэн төмөр зам, дэд бүтцийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, боомтуудаа хөгжүүлээд эхэллээ. Бид энэ салбарт ганцаараа биш. Хажууханд маань маш том өрсөлдөгч байгаа гэдгийг мартаж болохгүй. Хятад гэдэг маш том хэрэглэгчтэй хөрш байгаагын хувьд олон давуу тал бидэнд бий. Энэ давуу талаа ашиглаад Тавантолгойн нүүрсээ борлуулж, олсон ашгаа зөв зарцуулах л асуудал байна шүү дээ.

-Зүүнбаян-Ханги гэсэн чиглэлийн төмөр зам УБТЗ-ын гол замаар дамжаад Дархан, Сэлэнгийн бүс нутгаас уул, уурхайн бүтээгдэхүүн БНХАУ-д хүрнэ. Ойролцоогоор 10 сая тонн ачаа. Энэ ачаалал УБТЗ-д хэрхэн нөлөөлөх вэ?

-УБТЗ-ын гол шугам энэ хэмжээний ачааллыг даах бүрэн чадалтай. Дархан, Сэлэнгийн бүс нутгаас гадна Төв, Дорноговь аймгийн нутагт байгаа ашигт малтмалыг ч БНХАУ-д хүргэх төмөр зам шүү дээ. Та мэдэж байгаа УБТЗ- ХНН нь төмөр замдаа шинэчлэл хийж, тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа сайжруулаад эхэлсэн. Өртөө зөрлөгийн тоогоо нэмсэн, дэд бүтцээ шинэчилж байна. Үүний хүрээнд УБТЗ одоо байгаагаасаа ахиад 10 сая тонн ачаа нэмээд тээвэрлэх бололцоо бүрдэнэ гэж харж байгаа.

-Танай компани ачааны вагон угсрах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Гэтэл УБТЗ таван ширхэг ачааны хагас вагон угсарлаа шүү дээ. Цаашид угсрах, хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй. Харин танай төсөл хэр ирээдүйтэй төсөл вэ?

-Зам, тээврийн хөгжлийн сайдын санаачлагаар УБТЗ, "МТЗ" ТӨХК нийлээд өнгөрсөн зун таван ачааны вагон угсарч зах зээлд нийлүүлсэн. Энэ бол Монгол инженер, техникийн ажилтанууд  дотооддоо ачааны хагас вагон угсарч болох юм гэдгийг харуулсан томоохон үйл явдал боллоо. Манай компанид ачааны вагон угсрах төсөл бий. ТЭЗҮ-ийг нь хийсэн. Жилдээ 1000 орчим вагон угсарна. Шинэ төмөр зам төсөл хэрэгжээд  эхэлбэл Монгол Улсад ойрын 10 жилд 10-15 мянган ачааны вагоны хэрэгцээ бий болох тооцоо, судалгаа байдаг. Энэ 15.000 хүртэлх вагоныг угсраад зах зээлд нийлүүллээ ч гэсэн техник учраас тодорхой настай байж таарна. Тэгэхээр насжилт нь дуусахаар дараагийн вагонуудыг угсраад тээвэрт нийлүүлэх хэрэгтэй болно. Эсвэл капитал засвар хийх шаардлага гарна. Ийм учраас бид вагон угсрах томоохон үйлдвэр Монгол Улсад байгуулах хэрэгтэй гэж үзээд байгаа.

-Энэ төсөлд анхны хөрөнгө оруулалтаар хэчнээн сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай вэ, санхүүжилтийг нь яаж шийдэх үү?

-Анхны хөрөнгө оруулалт 65 орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Сайншанд хотын ойролцоо үйлдвэрийнхээ газрыг авчихсан. Санхүүжилтийг нь шийдэхийн тулд хэд хэдэн газар руу саналаа өгөөд, төсөл, ТЭЗҮ-гээ танилцуулаад явж байна.

-Хөөтийн нүүрсний уурхайг дайрах төмөр замын хувьд хэр оновчтой вэ, Энэ уурхай нөөцийн хувьд багад тооцогдох уурхай шүү дээ?

-2016 оны зургадугаар сард ОХУ, Монгол, БНХАУ-ын Ерөнхийлөгч нар Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо уулзалдсан. Энэ уулзалтаар гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр баталсныг та бүхэн мэднэ. Энэ хөтөлбөрт манай зүүн чиглэлийн коридор буюу Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын чиглэл багтаж байгаа. Энэ коридор манай улсад ямар ач холбогдолтой юм бэ гэхээр тухайн бүс нутагт байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах. Мөн ОХУ, БНХАУ-ын хооронд Манжуурын төмөр замаар явж байгаа ачааны тодорхой хувийг энэ зам руу татах, тарифийн хөнгөлөлт болон дөт маршрутын ач холбогдлоор ачаа авах магадлал өндөр. Хөөт нь 200-300 сая тонны нөөцтэй орд боловч тухайн бүс нутагт байгаа ашигт малтмалын бусад ордыг тооцвол энэ төмөр замын чиглэл яалтчгүй эдийн засгийн хувьд ашигтай төсөл. Тухайн бүс нутагт байгаа ашигт малтмалын болон бусад холбогдох мэдээллүүд лээр  бид ажиллаж байна.  

-ОХУ, БНХАУ-ын хооронд хийх худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байна. 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бий. Бид энэ их худалдааны багахан хэсгийг өөрийн нутгаар дамжуулахад маш их мөнгө олох боломжтой гэж судлаачид хэлдэг. Таны бодлоор бид үүнд хэрхэн оролцох ёстой вэ?

-Төв коридор буюу УБТЗ-ын гол шугамыг шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх,  мөн "Эдийн засгийн зүүн коридор" төслийн хүрээнд Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт гэсэн чиглэлийн төмөр замаа барьж, ашиглалтад оруулан, хоёр хөршийнхөө худалдааны эргэлтэд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.                  

"Ган зам" сонин 

Нийтлэгдсэн огноо: 2017-11-02 09:10:00
CRRC компани Швейцарь улсад тавцант вагон нийлүүлнэ
2017-11-21 16:01:00

Дойче Банн компани шинээр үйлдвэрлэх галт тэргээ танилцууллаа
2017-11-21 15:15:00

“ТЕХууль”, “ААНОАТ тухай хууль”, “ХХОАТ тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
2017-11-14 16:03:00

Ази, Номхон далайн бүсийн 24 дэх чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2017-11-09 17:10:00

Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөнд оролцлоо
2017-11-09 09:38:00

Хиймэл дагуулын технологиор цаа бугыг галт тэргэнд дайруулахаас хамгаална
2017-11-06 13:37:00

БНХАУ-д төмөр замын техник технологийн 14 дэх үзэсгэлэн болж байна
2017-11-06 12:04:00

Хурдны галт тэрэг давхацсан тоогоор 7 тэрбум зорчигч тээвэрлэв
2017-11-06 11:56:00

Х.Хэрлэн: Эдийн засгийн зүүн босоо коридор төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2017-11-02 09:10:00
Яг одоо уншиж байна

Олон улсын төмөр замын холбоо (UIC) МТЗ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017-10-30 10:11:00

Солонгосын Төмөр Замын компаниуд галт тэрэг нийлүүлэх гэрээ байгууллаа
2017-10-25 09:14:00

Далай дамнасан метроны шугамыг туршив
2017-10-25 09:13:00

"SI маглев" галт тэргийг энэ онд ашиглалтад оруулна
2017-10-25 09:08:00

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо
2017-10-20 15:32:00

Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00