Б.Эрдэнэбаяр: Алдагдлаа бууруулахаар зорьж байна

Image

-1.5 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна-

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн Дэд захирал Б.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Ярилцлагаа Дунзяны боомт дахь “Тээвэр, ложистикийн төв” байгуулах төслөөс эхэлье. Энэхүү төсөлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа вэ?

-Тяньжин хотын Ардын Засгийн газар, Монгол Улсын Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны хооронд 2009 онд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичгийг байгуулсан байдаг. Тус санамж бичгийн хүрээнд хоёр талын ажлын хэсэг байгуулагдаж, 7 удаа хуралдсаны үр дүнд Тяньжин боомтын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглан “Тээвэр ложистикийн төв” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн нийт хөрөнгө оруулалт 50 орчим сая ам.доллар болж байгаа.

-Төслийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ. Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь бэлэн болчихсон байгаа юу?

-Төслийн ТЭЗҮ-ийг Тяньжин хотын барилгын зураг төслийн хүрээлэнгээс 2014 онд боловсруулж, бэлэн болгосон. ТЭЗҮ-д тусгасны дагуу нийт хөрөнгө оруулалтын 35 хувийг өөрийн хөрөнгөөр, 65 хувийг зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн 2013 оны Монгол Улсын Засгийн газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 152 дугаар тогтоолд төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах тухай заасан байдаг. Энэ дагуу бид хэд, хэдэн удаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд сонирхсон аж ахуйн нэгжийг саналаа ирүүлэх тухай урилгыг зарласан. Хамгийн сүүлд энэ оны эхэнд зарлаад байгаа. Одоогийн байдлаар, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот тушаалаар Тяньжин, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх Монголын талын ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан байгаа. Тус ажлын хэсэг нь төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх ажлын хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

-Төсөл хэрэгжснээр манай улсын гадаад худалдааны эргэлтэд ямар өөрчлөлт гарах боломжтой вэ?

-Манай улсын гадаад худалдааны нийт ачаа эргэлтийн 80 орчим хувь нь Тяньжин боомтоор дамжин тээвэрлэгддэг судалгаа бий. Мөн бараа, бүтээгдэхүүний үнэд ногдох тээвэр, логистикийн зардал далайд гарцгүй манай орны хувьд харьцангуй өндөрт тооцогдож байна. Иймээс тус төсөл хэрэгжсэнээр, Тяньжин боомтоор дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын экспортын, импортын ачаа эргэлтийг хурдасгах, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны боомт бүсийн татварын хөнгөлөлттэй орчинд дотоодын аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхцлийг бүрдүүлэх, савлагаатай уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч оронд экспортлох зэрэг олон төрлийн боломж бий болно.

-Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл. Танай компанийн хувьд  өнгөрсөн онд нийт хэчнээн төгрөгийн орлоготой ажилласан бэ. Алдагдлаа тодорхой хувиар бууруулж чадсан уу?

-Өнгөрсөн онд нийт таван тэрбум төгрөгийн орлого олсон. Үүний 3.8 тэрбум нь тээврийн үйл ажиллагаа, үлдсэн нь бусад эх үүсвэрээс бүрдсэн. Тээврийн үйл ажиллагаанаас олсон 3.8 тэрбум нь төлөвлөгөөт гүйцэтгэлийн 90 хувьтай тэнцэх дүн. 2015 онтой харьцуулахад 2016 онд үндсэн үйл ажиллагааны алдагдал 600 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Компанийн зүгээс өндөр алдагдлаа бууруулахаар зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд үргүй зардлыг хумих, төдийлэн шаардлагатай бус орон тоог цомхотгох зэрэг арга хэмжээ авч эхэлсэн.

-Төмөртэйн төмөр замын ашиглалт хэр байгаа вэ. Төмрийн хүдрийн үнэ буурсантай холбогдуулан ачаа эргэлт буурсан уу. Энэ онд хэдий хэмжээний тээвэрлэлт хийхээр төлөвлөж байна вэ?

-Төмөртэй өртөө нь ачилтын 2 талбай, 4 замтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд хоногт 300 вагон боловсруулах, жилд ойролцоогоор 7 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, одоогийн байдлаар ачилтын 2 зам бүхий 1 талбайг ашиглан хоногт 75 вагон буюу таван мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэж байна.

Өнгөрсөн оны 5 дугаар сарын дундуур тээвэрлэлтийг эхлүүлж нэг сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн. Харин энэ онд 1.5 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байна. Төмөртэйн төмөр замын ачаа эргэлт төмрийн хүдрийн үнийн өөрчлөлт болон хагас вагоны хангалтаас шууд хамааралтай байдаг ба ачаа илгээгчийн захиалгад үндэслэн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Төмрийн хүдрийн үнэ харьцангуй сэргэсэн тул вагон хангалт хэвийн байх тохиолдолд тээвэрлэлт тасралтгүй явагдана гэж харж байна.

-“Шинэ төмөр зам” төсөл зогсчихсон уу, эсвэл тодорхой хүрээнд үргэлжилж байна уу?

- Төмөр замын төсөл нь өөрөө өргөн цар хүрээтэй, ажлын олон үе шаттай, хөрөнгө оруулалт, хүн хүч, цаг хугацаа их шаардагдсан ажил байдаг. Одоогийн байдлаар бид “Шинэ төмөр зам” төслийн судалгаа тооцоолол боловсруулах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, эрх зүйн орчинг сайжруулах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлж байна. Тэр утгаараа “Шинэ төмөр зам” төсөл үргэлжилж байна.

Мөн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол, Орос, Хятад улсуудын төрийн тэргүүнүүд Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хамтран баталсан. Энэхүү хөтөлбөрт манай “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд барьж байгуулахаар шийдвэрлэсэн хэд хэдэн чиглэлийн төмөр замын төслүүд багтаж байна. Уг хөтөлбөрийг хамтран баталснаар хөрш зэргэлдээ хоёр улсын төмөр замын сүлжээтэй шинэ төмөр замаар холбох, бүс нутгийн хэмжээнд нэгдсэн шийдэлд хүрсэн томоохон ажил болсон.

-Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан-Бичигт чиглэлд барих төмөр замын бүтээн байгуулалтын явц юу болсон бэ?

-Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажил 2010 оноос хийгдэж өдгөөг хүртэл зогсолтгүй урагшилж байна. Тухайлбал 2011-2014 онуудад тус чиглэлийн инженер-геологи, геодези, байгаль орчны судалгаа, 2013-2014 онуудад техникийн зураг төсөл, 2016 онд техник-эдийн засгийн үндэслэлийн нэмэлт судалгаа зэрэг ажлууд хийгдсэн. Мөн цаашид хийгдэх нэмэлт судалгааны ажлууд хүлээгдэж байна.

 Манай компани одоогийн байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт барьж ашиглалтанд оруулахаар тусгагдсан Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг нэн тэргүүнд тавьж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлэхээр зорьж байна.

 

Нийтлэгдсэн огноо: 2017-04-20 14:24:00
Б.Эрдэнэбаяр: Алдагдлаа бууруулахаар зорьж байна
2017-04-20 14:24:00
Яг одоо уншиж байна

Монголын төмөр зам-Салбарынхаа хөгжлийг тодорхойлохоор зорьж байна
2017-04-13 09:39:00

Төрийн өмчийн компаниуд үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд сурталчиллаа
2017-04-10 17:01:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-04-07 17:24:00

Монголын төмөр замын хэтийн төлвийг хэлэлцэж байна
2017-04-06 11:43:00

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөг зохион байгуулна
2017-04-05 09:57:00

"Транзит Монгол 2017" форум Бээжин хотноо зохион байгуулагдана
2017-03-31 09:08:00

“Дойче Баан” компанийн Захирлуудын зөвлөлийн даргаар Луц томилогдлоо
2017-03-30 10:19:00

Олон Улсын “Зүтгүүрийн шилдэг машинист”-ийг шалгаруулна
2017-03-30 09:57:00

Си Ар Ар Си компани Чикагод үйлдвэрийн шав тавилаа
2017-03-30 09:52:00

Хятадын төмөр замын ерөнхий компани галт тэрэгний шинэ зурмагийг хэрэгжүүлж эхэлнэ
2017-03-29 09:47:00

Авлигын түвшинг бууруулахад салбарын хэмжээнд хамтран ажиллана
2017-03-28 09:22:00

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2017-03-20 10:33:00

Мэндчилгээ
2017-03-20 09:49:00

УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-03-17 15:31:00

Тавантолгойн төмөр замын төсөлд Монголын төмөр зам 51 хувийг эзэмшинэ
2017-03-15 10:27:00

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн талаар хэлэлцүүлэг хийнэ
2017-03-15 09:03:00

2017 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тодорхойлов
2017-03-10 10:17:00

ОХУ сард 3400 ачааны вагон үйлдвэрлэж байна
2017-03-09 11:45:00

Кени улс нарийн царигтай төмөр зам ашиглалтад оруулна
2017-03-09 11:42:00