“Дойче Баан” компанийн Төлөөлөн удирдахзөвлөлийн 3 дугаар сарын 22-ны хурлаар Рихард Луцийг өнгөрөгч 1 дүгээр сард ажлаа өгсөн Рудигер Грубегийн оронд үндэсний төмөр замын компанийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.
2010 оноос хойш Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан Луц Грубег явснаас хойш Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Холбооны Тээвэр, Цахим дэд бүтцийн сайд Александр Добриндт түүнийг энэ албан тушаалд томилогдохыг дэмжиж буйгаа хэд хоногийн өмнө зарласан юм. Луцтэй 5 жилийн хугацаатай ажиллах гэрээ байгуулсан байна.
Түүнчлэн Төлөөлөн удирдахзөвлөлөөс “Дойче Баан” компанийн Захирлуудын зөвлөлд хэд хэдэн өөрчлөлт хийжээ. Одоогийн Захирлуудын зөвлөлийн гишүүд болох Роналд Пофалла, Бертхолд Хубер нарын гэрээг 5 жилээр сунгаж Пофаллаг Дэд Бүтэц хариуцсан захирал хэвээр үлдээж, Үйл ажиллагаа хариуцаж байсан Хуберийг Зорчигч тээвэр хариуцсан захирал болгон өөрчилсөн байна. Луц өмнө нь хариуцаж байсан Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлаа Гүйцэтгэх захирлын ажилтай хослуулан хийх юм.
Үүнээс гадна Дижитал технологи, Тээвэр ложистик хариуцсан 2 захирлын сул орон тоо байгаа. Энэ албан тушаалд хэн хэнийг томилохыг ойрын хугацаанд зарлах ба тэр хүртэл Хубер тээврийн салбарыг, Луц технологийн салбарыг түр хариуцах юм байна.