П.Батсайхан: Санхүүжилтээс болоод ажил зогсвол хөрөнгө, цаг хугацаа алдана

П.Батсайхан: Санхүүжилтээс болоод ажил зогсвол хөрөнгө, цаг хугацаа алдана

Image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батсайханаас тус компанийн “Шинэ төмөр зам” төслийн ажлын явцыг тодрууллаа.

“Шинэ төмөр зам” төслийн ажлын явцыг танилцуулахгүй юу?

 “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод сар гаруй болж байна. Манай компани “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хүрээнд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэн ажиллаж  байна.

Төслийн маань  нэг хэсэг нь Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажил юм. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж байгааг Та бүхэн мэднэ. Анх энэ гэрээ нь дээрхи бодлогын баримт бичгийн хүрээнд боловсруулагдсан техникийн нөхцөл, шаардлагын дагуу, түлхүүр гардуулах нөхцөлөөр “Энержи ресурс рэйл” компанитай 2012 оны 10 дугаар сард байгуулагдсан байдаг.  Энэ гэрээг хэрэгжүүлэх эрх, үүрэг 2013 оны 5 дугаар сард МТЗ-д шилжиж ирсэн байдаг юм билээ. Барилгын газар шорооны ажлыг тухайн оны 5 дугаар сард эхлүүлж, өнөөдрийн байдлаар 70 орчим  хувийн гүйцэтгэлтэй төлөвлөгөөний дагуу явж байна.

Барилгын хяналтын зөвлөхөөр Германы төмөр замын  “DBI” компани ажиллаж байгаа бөгөөд манай команийн  инженерүүд ажлын явцад давхар хяналт хийн ажиллаж байна.

Өнөөдөр манай компани нь дохиолол холбоо, эрчим хүч, өртөө, депо болон засвар үйлчилгээний барилга байгууламж, засварын тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний зураг төсөл боловсруулах болон нийлүүлэлт хийх гүйцэтгэгчийг тус тус сонгон шалгаруулах баримт бичгийг үндсэндээ боловсруулж  дуусгаад байна.Тус төслийн өөр нэг чухал хэсэг болох Зүүн буюу Таван толгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын ажлын техникийн зураг төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна.   Энэ ажлыг өнгөрсөн жилээс эхлэн Япон улсын Ниппон Коэй зөвлөх компани гүйцэтгэж байгаа. 

“Шинэ төмөр зам” төслийн санхүүжилтийн асуудал сүүлийн үед анхаарал татаж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

Төслийн ТЭЗҮ-д Төмөр замын бодлогын I болон II үе шатны нийт 1800 км зам барих ажлыг 5.2 тэрбум ам.долларын өртөгтэй байхаар тооцоолсон байдаг. Энэ хөрөнгийг Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн бүрдүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн болон хуулийн зөвлөх компаниудыг ажиллуулж байгаа юм.

Эдгээр компаниуд, хөрөнгө босгох чиглэлээр ажиллах явцад Шинэчлэлийн Засгийн газар Чингис бондын хөрөнгөөс 400 сая ам.долларыг гаргахаар шийдвэрлэсэн ба эхний ээлжинд 200 саяыг нь  Хөгжлийн банкаар дамжуулан 2013 оны 5 дугаар сараас эхлэн олгож эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар урьдчилгаа төлбөрийг оруулан, гүйцэтгэгч компанийн баталгаажсан ажлын хөлс болон зөвлөх компаниудад нийт 186 сая орчим ам.долларын төлбөр хийгдээд байна.

 Санхүүжилтийн хувьд тодорхой хүндрэл, эрсдэл үүсэх нөхцөлүүд байгаа. Гэвч ажил зогсоох хэмжээнд хүрсэн зүйл одоогоор алга. Энэ сарын сүүлээр энэ оны 2 дахь удаагийн болон дараагийн гүйцэтгэлийн нэхэмжлэл орж ирэхэд Хөгжлийн банкин дээр үлдэх 200 сая ам.долларыг төлөх эрх МТЗ-д албан ёсоор баталгаажаагүй байна. Энэ  асуудлыг нэн даруй  холбогдох яам, газрууд шийдэж өгөх нь манай хувьд амин чухал асуудлын нэг болоод байна.

Уул уурхайн баялгаа дотоодын боловсруулах үйлдвэр болон  гадаадын  зах зээлд төмөр замаар тээвэрлэн хүргэх нь манай улсын хөгжилд  томоохон хувь нэмэр оруулах учиртай. Ажил нэгэнт эхлээд “галт тэрэг хөдөлчихөөд” байхад төлбөр болон бусад зохион байгуулалтын шинжтэй асуудлаас болж ажил саатах буюу түр хугацаагаар зогсоход хүрвэл их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа үр ашиггүй алдагдах болно гэдгийг хаана хаанаа анхаарах ёстой.

 Өнөөдөр манай иргэд хоосон улстөржилт, хэрүүлээс залхаж, бодит ажил үр дүнг л хүлээж байна. Төслийн хэрэгжилтийн талаар зургаан жил ярьсан гэж шүүмжилдэг. Гэтэл үнэн хэрэгтээ 2013 онд Шинэчлэлийн Засгийн газар шийдвэр гаргаж, эхний санхүүжилт хийснээр газар шорооны ажлын явц 2008-2012 онд 11.8 хувьтай байсан бол 2013 онд энэ ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй  болж өссөн. Төслийн ажлын санхүүжилтийн бусад эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг зөвлөхүүдийн саналыг авч Засгийн газарт оруулахаар Зам, тээврийн яамтай хамтран ажиллаж байна.

 Төлөвлөгөөний дагуу энэ жил ямар ажлууд хийгдэх вэ?

 Энэ жил Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын газар шорооны ажлыг дуусгах, дээд бүтцийн 50 хүртэл хувийг гүйцэтгэх хөдлөх бүрэлдэхүүн, эрчим хүч,  холбоо дохиолол, барилга байгууламжийн захиалга, угсралт болон барилгын зарим нэг ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал зүүн чиглэлийн төмөр замын хувьд техникийн нарийвчилсан зураг төслийн ажлыг дуусгаж, барилгын ерөнхий гүйцэтгэгч зэргийн сонгон шалгаруулалтыг зарлах гэх мэт хойшлуулшгүй олон ажил бий.

 Улс орны хөгжилд ихээхэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын шинжтэй энэ төслийг бодит ажил болгоход манай компанийн хамт олны хүчин чармайлт, хичээл зүтгэл болон Засгийн газар, холбогдох яам, агентлагууд, тухайн орон нутгийн төрийн байгууллага, ард иргэдийн дэмжлэг, тэдний оролцоо чухал гэдгийг энэ төслийг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд онцлон хэлэх байна.

 

“Ган зам” сонин 2014.04.29 №18 /4109/

  • 2014-05-01 00:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00