ХЭДЭН БОР МАЛЧИН МААНЬ АВИЛГАЧДЫН ЭГНЭЭНД ЭЛСЭХ НЬ

ХЭДЭН БОР МАЛЧИН МААНЬ АВИЛГАЧДЫН ЭГНЭЭНД ЭЛСЭХ НЬ

Image

Танил маань Италид сураад ирсэн тухайгаа ярьж билээ. Мэдээж сурсан сургуульд нь Монголын тухай мэддэг хүн тун цөөн байж. Ганц багш хэдэн түвд оюутныг эс тооцвол Монгол гэдэг улсын тухай мэдлэгтэй хүн бараг байгаагүй гэнэ. Италичууд ер нь бидний сонирхох нь байтугай, Ерөнхий сайдаа ч бараг мэддэггүй. Хэрвээ Ерөнхий сайд нь дэггүйтэж, зарим улсын шар хэвлэлийн л бай болохгүй бол тэр хүний юу хийх, ямар ажил амжуулахыг нь сонирхдог ч үгүй гэнэ.

Тэр ингэж хэлэхийн учир нь манай монголчууд үнэхээр улс төрийн хоббитой, улс төрийн хэнээтэй хүмүүс шүү гэж тодотгохын тулд ийн яриа өрнүүлсэн юм. Тэрээр Монголд ирээд л Засгийн газрын ордон тойрсон жагсаал цуглаан буу шийдмийн тухай мэдээ уншсан гэдгээ онцгойлж ирээд ийн хүүрнэсэн. Нээрээ бид үнэхээр хэнээтэй хүмүүс. Өөрийн улсын Ерөнхийлөгчийн гэр бүл үр хүүхдийг хүртэл сонирхож, Ерөнхий сайд, УИХ-ын даргынхаа нэрийг найман настай балчраасаа наян настан хүртэл сайн мэднэ. Өө бас дээрээс нь УИХ-ын 76-гаа магадгүй захын нэгэн нь хуруу тоолоод нэрлэнэ дээ.

Сүүлийн жилүүдэд малчид маань ч гарамгай сайн улс төрждөг болоод буй. Өчигдөрхөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан нийслэлд “айлчлан” иржээ. Шалтгаан нь манай нутагт төмөр зам тавих гээд байна. Төмөр зам тавих газар нь малын бэлчээр, цагаан зээрийн сүрэглэн амьдардаг бүс. Тэнд 60 айлын малын бэлчээр өвөлжөө энэ тэр бий. Тэгэхээр шинээр тавих төмөр замаа нутгийн хойгуур биш урдуур тавь хэмээв.

Таван толгой-Сайншанд чиглэлийн ТЭЗҮ одоо л Японы компаниар хийгдэж байгаа учраас шантаажны ажил эрт л эхэлсэн бололтой.
Өмнө нь Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд баригдаж буй 267 км төмөр замын зурваст мөн ийм асуудал гараад өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа аж. Энэ зурваст уг нь нүүлгэх шаардлагатай таван өрх бий. Гэтэл тэдгээр өрхийн зарим бүүр гурван тэрбум хүртэл төгрөг нэхэж суугаа бололтой. Тэгэхээр  өвөлжөөгөө бариад, худаг ухаад өг гэх нь бол энүүхэнд асуудал аж.

Ийнхүү аль хэдийнэ хөдөлсөн их бүтээн байгуулалтын галт тэрэгний урдуур орж хөндөлсөхийн учир малчдын мал сүргээ, малын бэлчээрээ хайрласнаас үүдсэн гэвэл эндүүрэл бололтой. Хамгийн харамсалтай өнөөх шантаажлах, улс төржих гэдэг айхтар вирус нь малчдад маань гүн гүнзгий халдварлачихаж.  Хэрвээ нутгийн иргэдтэй ханцуй дотроо наймаалцаж чадахгүй бол өнөөх гайхалтай бүтээн байгуулалтын талаар дурсаад ч хэрэггүй.
 Зам дагаж хөгжил гэдэг үгийг зам дээр буувал “шан харамж” гэж ойлгосон хэсэг бусгийн эх оронч бус сэтгэлгээг малчид маань хуулбарлах нь даанч гутамшиг гэхээс өөр яалтай.

Магадгүй маргааш хагарсан хар зам дээр хэн нэгэн очиж гэрээ барьчихаад засаад өгье ээ гэхээр манай малын бэлчээр гээд байвал...
Яг үүнтэй агаар нэгээр Цогтцэций сумынхан маань төмөр зам тавибал тэмцэнэ хэмээн гар зангидахын учир юу вэ. Цогтцэций бол Өмнөговьдоо төдийгүй улсдаа амьжиргаан төвшнөөр толгой цохиод байгаа. Ёстой л “лаандаа ландаар явна аа” гэгчийг тэдэнд зориулж гаргасан үг ч гэдэг. Уул уурхай ихтэйгээс болоод замаар давхилдах том машины тоос өвчний үүр болгож байна. Мал сүрэг маань өвчилж байна хэмээн саяхан гомдоллож суусан нутгийнхан өнөөдөр  төмөр замынхантай нэгийгээ үзэхээр шийдэв бололтой. Магадгүй уул уурхайн салбарт хувийн хэвшлийнхнийг сэм дарамтлаад, дарлаад мөнгө нэхээд  бас ч үгүй авчихдаг байсан учраас улсаас бүүр ч илүүг нэхнэ гэж санасан биз.

Хийсэнгүй гэж шүүмжлэх дуртай монголчууд маань хийлээ гэж уурлах болсны цаад учир магадгүй ашиг болж болно гэсэн ахархан бодолтой хөтлөгдөх цөөн хэдэн нөхдийн  эх орон элгэн саднаа өмнөө барих ашиг сонирхол дээр тулгуурлах болсонтой холбоотой ч биз. Төрийн ордон руугаа сум харвасан, гар бөмбөг шидсэн тойрч гороолсон, уул уурхайн компаниуд руу сум тавьсан гээд зарим нэг хөдөлгөөнийхний хийсэн үйлдлийг монголчууд эхэндээ өмөөрдөг байсан. Гэвч дараа дараа нь тэдний шахалтанд орогсод ямар байдалд хүрч яаж мөнгөөр угжиж байснаа ил болгосноос хойш ард түмний нэрийг барих эрхийг хэн бүрт олгох ёсгүй гэх шүүмжлэл энд тэндгүй гарч байсан.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино оо гэгчээр хөдөлгөөн гээчийн ард нуугдсан нэг шунахай сэдэлтэн мянга мянган хүнийг тийм болгож харагдуулсан нь нууц биш. Тэгэхээр хэдэн бор малчид минь л үүнд битгий хууртаасай.

Төрийн нуруу тэгш биш, савлуур дээр савчих мэт байдлыг ашиглан хөдөлгөөн нэрээр цээжээ дэлдэгчдийн ачаар хөрөнгө оруулагчид Монголоос дайжсаар байна. Тэдний хүсэл төр, түүнээс гарах  хууль эрхзүйн орчин нь тогтвортой байхаас гадна элдэв дарамт шахалт, авлигаас ангид байх гэсэн байдаг.
Нийслэлд нэг айлын газар хэдэн мянган ам.долларт хүрч үнэлэгдэж байгаа ч түмний бүтээн байгуулалтын төлөө хотын захиргаатай тохиролцлоо гэх  үг илүү олон сонсогдож байхад улсынхаа эрх ашгийн төлөө хэдэн га газрын эзэмшин дураар амьдардаг малчид маань эзэмшлээсээ багахныг илүүчлэхэд буруудахгүй л баймаар.

Бод доо, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн замын трасст Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Хонгор, Дархан, Шаамар, Сүхбаатар зэрэг сумын нутгаар дайран малчдынхаа нутагладаг газраар тэр тусмаа хойт хилээр гарч байгаа. Тэгэхээр энэ бүх сумын иргэний аюулгүй байдал алдагдсан, алдагдаад байгаа зүйл бий бил үү. Төмөр зам түүгээр явах галт тэрэг гэдэг хамгийн найдвартай бас аюулгүй тээвэр. Зам дагасан сумдын иргэдийн амьдрал харин өөдрөг сайхан байгааг монголчууд маань харсаар буй билээ.

Эсэргүүцэгчид тэртэй тэргүй энэ нийгэмд олон л байна. Харин эдэн дээр хэдэн бор малчид минь бүү нэмэр болоосой. Зуд боллоо зутарлаа гэхээр л хэдийгээр махаа худалдаад авдаг ч хотынхон өөрийн юм шиг лаа шүдэнз нэмнээ бээлий болоод гүйдгийг бодоод монгол хүнийхээ уужуу ухаанаар улс орныхоо эрх ашгийг урдаа тавиад бодоод үзээч ээ хэмээн хүсэхсэн.

 Эсвэл төр өнөөх төмөр нүүрээрээ улс орны эрх ашгийг халхавчлаад тууштайхан шийдвэртэй үнэнч байж, их ажлын галт тэргийг саатуулахгүй байхсан.
Эх сурвалж: www.assa.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-т хамрагдлаа
2019-11-13 14:30:00
Улсын архивын үзлэгт “Онц” дүгнэгдлээ
2019-11-06 15:30:00
Оросын төмөр замууд 2025 дижитал стратегийг эхлүүллээ
2019-11-04 14:02:00
Тяньжин хотоос Бээжин хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудал хүртэл шууд холбогдох төмөр зам барина
2019-11-01 11:00:00
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
2019-10-29 15:46:00
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Непал Улсад шинэ төмөр зам барихад туслалцаа үзүүлэхээ амлалаа
2019-10-28 09:49:00
“Пандрол” бэхэлгээ 100 км төмөр замд хоёр сая доллар хэмнэнэ
2019-10-25 10:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2019-10-24 13:45:00
D180-16 загварын өндөр хүчин чадалтай дизель хөдөлгүүр зохион бүтээжээ
2019-10-21 15:52:00
2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв
2019-10-16 09:33:00
Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00