ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮҮДИЙГ НЭЭХ ТЯНЬЖИНИЙ БООМТ

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮҮДИЙГ НЭЭХ ТЯНЬЖИНИЙ БООМТ

Дэлхийд далайд гарцгүй 44 орон байдгийн нэг нь манай улс. Газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй байх нь далайн баялгийг ашиглах, гадаад худалдаанд чухал үүрэгтэй далайн тээвэр эрхлэх боломж хаалттай гэсэн үг. Далайд гарцтай орон л олон улсын зах зээл хэмээх тэнгист жинхэнэ тоглогч нь байж чадна. Харин далайд гарцгүй бол хаалттай хаалганы цаана л үлдэж хоцрохтой адил. 

Түүхийг эргэн сөхвөл улс орнууд далайд гарцтай орон гэсэн чухал статусыг олж авах гэж үргэлж хоорондоо сөргөлдөж байжээ. Тухайлбал одоогийн Конго улс далайд гарцтай болохын тулд зэргэлдээ орших Ангол улсын газар нутгийг хоёр хэсэг хуваах шийдвэрийг 1985 онд болсон Берлиний хурлаар гаргуулж байсан аж. Мөн Номхон далайн дайны дараа Боливи улс далайн цор ганц гарцаа Чилид алдсан түүх бий. Бидэнд ойрхон жишээ дурдвал манай хойд хөрш ОХУ өмнө нь зөвхөн Хойд мөсөн далайд гарцтай байсан нь өвлийн улиралд хөлдөж тээвэр хийх боломжгүй болдог учраас газар нутгаа Балтын тэнгис, Хар тэнгис, Номхон далай хүртэл тэлсэн байдаг. Ийнхүү хүч чадалтай нь бусдынхаа өмнүүр орж далайд өөрсдийн гарцыг нээж байр сууриа дархалж байжээ.

Манай орны хувьд хэдийгээр хоёр их гүрний дунд оршдог ч  далайд гарах гарцыг нээх боломжийг эрэлхийлсээр ирсэн байдаг. Далайд гарцгүй улсын дамжин өнгөрөх худалдааны тухай конвенцид манай улс 1965 онд нэгдэж далайд гарцгүй орны статусаа олж авчээ. Үүний дараа 1991 онд Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар байгуулж байсан. Улмаар 2009 онд Хятад улсын Тяньжин хотын Бинхай дүүргийн Дунзян чөлөөт худалдааны боомтод газар авах боломжтой болсон. Гэвч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод дөрвөн жилийн өмнө байгуулсан Тяньжинд газар эзэмших санамж бичгийг өдий хүртэл ажил болгож чадаагүй байв.  Харин энэ онд “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 152 дугаар тогтоол гарч Тяньжин хотын Бинхай дүүрэгт Хятадын талтай хамтран тээвэр ложистикийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ бол далайд гарц нээж дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа олох эхний бодит үр дүн бөгөөд Хятадын талтай хамтран тээвэр ложистикийн төсөл хэрэгжүүлэн гүйцэтгэх үүргийг  “Монголын төмөр зам” ТӨХК-д өгсөн байна. “Монголын төмөр зам” ТӨХК энэхүү Тээвэр ложистикийн төсөлд хөрөнгө оруулалт хийх чадамж, сонирхол бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийг урих төслийн урилгыг энэ сарын 14-ний өдөр адар тутмын сонингуудаар нийтлэсэн бөгөөд 2013 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл саналыг хүлээн авах юм байна.

Дээрх төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улс Тяньжин хотын Бинхай дүүргийн Дунзяны гаалийн баталгаат боомт бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран эзэмших, ачаа эргэлт нэмэгдэх, бараа бүтээгдэхүүнээ  дэлхийд экспортлоход татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.

Тяньжиний боомт нь хүчин чадал болон ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт, Азид гуравдугаарт ордог бөгөөд дэлхийн 180 оронтой 400 гаруй далайн тээврийн чиглэлээр холбогддог. Мөн Хятад улсын 10 мужийн таван сая км квадрат газар нутгийг хамран, 10 хотод өөрийн  «Усгүй боомт»-ийг байгуулсан. Энд Хятадын өмнөд болон зүүн мужуудын хэрэглэгчдээс гадна Япон, Австрали, Энэтхэг, Индонез, Солонгос зэрэг орнууд ч энэхүү боомтын хөрөнгийн биржийн арилжаанд оролцдог байна. Тиймээс Тяньжиний боомт бол манай орны өмнө дэлхийн зах зээлийг нээж буй үүд нь болж байна.

Төслийн гол ач холбогдол нь Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг тогтоох тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохион байгуулах. Улмаар Ази Европыг холбосон ложистикийн нэгдсэн систем бий болгох юм. Үүнчлэн уул уурхай, хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох, Монгол Улс руу ачигдаж буй барааны тээврийн зардлыг бууруулах гээд дээр дурдсан маш олон давуу тал, боломж, бололцоо бүрдэх юм байна.

БНХАУ-ЫН ТЯНЬЖИН ХОТОД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ТӨСЛИЙН УРИЛГА

2013.11.14 11:35

Танилцуулга: Монгол Улсын Засгийн Газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2013 оны 152 дугаар тогтоолын хүрээнд Тяньжин боомт дахь “Тээвэр ложистикийн төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын талын 51 хувь, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулахаар харилцан тохиролцсон.

Энэхүү төсөлд Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг сонгон оролцуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газраас даалгасан.

Иймд хөрөнгө оруулалт хийх чадамж, сонирхол бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийг энэхүү төсөлд оролцохыг урьж байна.

Санал авах хугацаа: Төсөлд оролцох саналаа, компанийн дэлгэрэнгүй танилцуулгын хамт 2013 оны 12-р сарын 13-ны өдрийг хүртэл “Монголын төмөр зам” ТӨХК-д албан бичгээр эсвэл secretary@mtz.mn цахим хаягаар “Тээвэр ложистикийн төв байгуулах төсөлд оролцох санал/саналын тодруулга” гэсэн гарчигтай ирүүлнэ үү.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-т хамрагдлаа
2019-11-13 14:30:00
Улсын архивын үзлэгт “Онц” дүгнэгдлээ
2019-11-06 15:30:00
Оросын төмөр замууд 2025 дижитал стратегийг эхлүүллээ
2019-11-04 14:02:00
Тяньжин хотоос Бээжин хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудал хүртэл шууд холбогдох төмөр зам барина
2019-11-01 11:00:00
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
2019-10-29 15:46:00
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Непал Улсад шинэ төмөр зам барихад туслалцаа үзүүлэхээ амлалаа
2019-10-28 09:49:00
“Пандрол” бэхэлгээ 100 км төмөр замд хоёр сая доллар хэмнэнэ
2019-10-25 10:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2019-10-24 13:45:00
D180-16 загварын өндөр хүчин чадалтай дизель хөдөлгүүр зохион бүтээжээ
2019-10-21 15:52:00
2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв
2019-10-16 09:33:00
Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00