П.БАТ-ЭРДЭНЭ: "ШИНЭ ТӨМӨР ЗАМ" ТӨСӨЛ 9.4 ЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НӨХНӨ

П.БАТ-ЭРДЭНЭ: "ШИНЭ ТӨМӨР ЗАМ" ТӨСӨЛ 9.4 ЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НӨХНӨ

“Ярилцах танхим” булангийн шинэ дугаартаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнийг урьж ярилцлаа.

-Монголчууд анх удаа төмөр замын их бүтээн байгуулалтын ажил өр­нүүлж байна. Та­най ком­пани “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтад гол үүрэг гүйцэтгэж байгаа. Ажлын явц ямар байна вэ?

-ОХУ-аас манай төмөр замын суурь бүтцийг тавьж өгснөөс хойш 75 жилийн дараа бид өөрсдөө төмөр зам тавьж байна. Манай уул уур­хайн салбар гадныхантай өр­сөл­дөх чадвартай байхын тулд “Шинэ төмөр зам” төсөл амжилттай хэрэгжих ёстой. “Шинэ төмөр зам” төсөл нь хоёр үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд зүүн болон өмнө зүгт чиглэлтэй 1800 километр орчим урттай сүлжээ байх юм. Тавантолгой-Сайншанд /468 км/, Сайншанд-Хөөт /450 км/, Хөөт-Чойбалсан /155 км/, Хөөт-нөмрөг /380 км/, Тавантолгой-Гашуунсухайт /267 км/, Чойбалсан-Эрээнцав /210 км/ гэсэн зургаан чиглэлд шинээр төмөр зам тавина. Төслийн эдийн засгийн үр ашиг их учир дотоод гадаадын хөрөнгө оруулагч болон зээлдүүлэгчийн сонирхлыг татаж байгаа. “Шинэ төмөр зам” Тавантолгой ордоос урагш болон зүүн зүгт чиглэж БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чинадад хүрч байгаа. Далайн чинад дахь зах зээлд хүрнэ гэдэг нь бидний хувьд маш том давуу тал шүү дээ. Мөн Тавантолгойн ордоос зүүн тийш явах чиглэл нь дотоодод нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлд­вэрлэлийг бий болгож, уул уурхайн бүтээгдэхүүний экспор­тын  үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тус­тай юм. Энэ мэтчлэн “Шинэ төмөр зам” төслийн давуу тал маш их. Өнөөдрийн байдлаар Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 километр төмөр зам барьж байгуулах ажлаа эхлүүлсэн бөгөөд газар шорооны ажлыг гүйцэтгэж байна. Тус чиглэлийн төмөр замыг 2015 оны аравдугаар сар гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа.

-Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн. Одоогийн байдлаар ажлынхаа хэдэн хувийг гүйцэтгээд байна вэ?

-“Ухаахудаг-Гашуунсухайт” чиг­лэлийн  төмөр замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Samsung C&T” компани ажиллаж байгаа. Тус компани зам барилгын ажилд дотоодын 12 ком­панитай гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байна. Энд нийт 1300 хүн, 700 техник, машин механизм ажиллаж байгаа юм. “Ухаахудаг-Гашуунсухайт” чиг­лэлд  төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлын барилгын газар шорооны ажлын явц 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

-Энэ чиглэлийн төмөр замыг хоёр жилийн дараа тавьж дуусгана гэж байгаа. Тэгвэл 1800 орчим километр замыг ямар хугацаанд тавьж дуусгах боломжтой вэ?

-Төмөр замын ажилд хугацаа заах боломжгүй байдаг. Хэдий хэрийн хугацаанд барих нь хөрөнгө санхүүгийн асуудлаас их шалтгаална. Төмөр замыг хэсэгчлэн тавих боломжтой учраас хоёр жилийн дотор барьж бол­но. Тухайлбал “Ухаахудаг-Гашуун­сухайт” чиглэлийн төмөр замыг 12 хэсэгт хуваан барьж байгаа.

-Ер нь дэлхийн жишгээр энэ хэмжээний төмөр замыг хэдий хугацаанд барьж байна вэ?

-Янз бүр байдаг. Хөрөнгө мөнгөний асуудлаа шийдвэр­лэчих­вэл хурдан хугацаанд барих боломжтой. Одоо бол төмөр замыг хятадууд хамгийн хурдан тавьж байна.

-Хятадын компани энэ төсөлд хөрөнгө оруулах саналаа илэрхийлсэн биз дээ?

-Тийм.

-“Шинэ төмөр зам” төсөлд Английн “Ашмор” болон Оросын “Евроазия” группууд хөрөнгө оруулахаар болж өнгөрсөн зур­гаадугаар сард санамж бичигт гарын үсэг зурсан. Эдгээр групп хөрөнгөө хэзээ оруулах вэ?

-Хөрөнгө оруулагчидтай энэ оны зургаадугаар сарын 20-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурсан. Одоогийн байдлаар хэлэлцээрийн шатанд явж байна.

-“Шинэ төмөр зам” төслийн байгаль орчны үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ. Тухайлбал Сайн­шанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг тавихад цагаан зээрийн үндсэн нутгаар дайрч гарна гэж байгаа. Байгаль орчны чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үүнийг цагаан зээрийн нүүдэлд сөргөөр нөлөөл­нө гэж үзэж байгаа юм билээ?

-Бид төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхдээ байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавьж байгаа. Үүгээрээ ч бусад байгууллага, компаниудад үлгэр дуурайл болох ёстой гэж үздэг. Тийм учраас бид байгаль орчинд анхаарч ажиллаж байна. Манай Техникийн зөвлөх “Ниппон Коэй” компанийн удирдлагад “Natural Sustainable” LLC  компани байгаль орчны үнэлгээ хийх ажлыг гүй­цэтгэж байгаа. Одоо төлөв байдлын суурь үнэлгээг хийж дуусаад нарийвчилсан үнэлгээний шатанд явж байна. Мөн Зам, тээврийн яам БОНХЯ-ны Нүүдлийн гарам гарцны шинэ стандарт тогтоох ажлын хэсэгт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл оролцон ажиллаж байна. Ойрын үед сард цагаан зээр болон бусад амьтдын нүүдлийн асуудлаар Дэлхийн бай­галь хамгаалах сан /WWF/, бусад гадаад болон дотоодын зэр­лэг амьтдыг хамгаалах талаар үйл ажиллагаа явуулдаг байгуул­лагуудын хамтарсан санал солил­цох хурлыг зохион байгуулахаар тө-лөвлөөд байна.

-“Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад нийт хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ. “Чингис бонд”-оос төмөр замын бүтээн байгуулалтад мөнгө хуваарилсан. Энэ мөнгөний хэдэн хувийг зарцуулаад байна вэ?

-“Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. “Чингис бонд”-оос төмөр замын бүтээн байгуулалтад нийт 400 сая ам.долларын сан­хүүжилтийг хуваарилсан. Энэ мөн­гөөр төслийн ТЭЗҮ, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд баригдаж буй төмөр замын суурь бүтцийн барилгын ажил, Зүүн чиглэлд баригдах төмөр замын зураг төсөл зэргийг хийж гүйцэтгэнэ.Төмөр зам гэдэг өөрөө баялаг бүтээх салбар учраас оруулсан хөрөнгө урт хугацаанд үр ашгаа өгнө шүү дээ.

-Урт хугацаанд үр ашгаа өгөх нь мэдээж хэрэг. Гэхдээ зардлаа ямар хугцаанд нөхнө гэж тооцож байгаа вэ?

-“Шинэ төмөр зам” төсөл 9.4 жилийн дотор хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх боломжтой гэсэн тооцоо гарсан байгаа.

 -“Шинэ төмөр зам” төсөл хэдэн үе шаттайгаар ямар хугацаанд хэрэгжиж дуусах вэ?

-Дээр хэлсэнчлэн “Шинэ төмөр зам” төсөл нь урд болон зүүн чиглэлд баригдана. Урд чиглэлд буюу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд баригдах төмөр зам нь энэ оны тавдугаар сараас 2015 оны аравдугаар сард баригдаж дуусах төлөвлөгөөтэй. Харин зүүн чиглэлд баригдах төмөр замын хувьд энэ ондоо зураг төслөө эцэслэн гаргаад ирэх оны долоодугаар сар гэхэд барилгын ерөнхий гүйцэтгэгчээ сонгоно. Энэ бол төмөр замын салбарын хувьд ч тийм урт хугацаа биш. Ямар ч мод үр жимсээ шууд өгдөггүйтэй. Үүнтэй адил бид тарьсан модныхоо үр жимсийг бүрэн авахын тулд арчилгаа, цаг хугацаа хэрэгтэй. Ухаахудаг-Га­шуунсухайтын чиглэлийн 240 км төмөр замын ажлын газар шорооны ажил 13 сая шоо метр болж байгаа. Энэ бол ойролцоор 1300 км авто зам барих ажилтай дүйцэхүйц газар шорооны ажил.

-“Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн болон бусад чиг­лэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниудыг ямар шалгуураар сонгон шалгаруулсан бэ?

-Төслийн техник, санхүү, хуу­лийн зөвлөхийг сонгон шал­гаруулах тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр олон улсад нээлттэй зарлан, зохион байгуулсан. Хуулийн зөвлөх сонгон шалгаруулах тендерт хамгийн сайн үнэлэгдсэн АНУ-ын “Sidley Austin” LLP болон дотоодын “MDS Associates” ХХК, Техникийн зөвлөхөөр Япон улсын “Nippon Koei” ХХК, Санхүүгийн зөвлөхөөр Франц улсын “BNP Paribas” болон АНУ-ын “Guggenheim International” ХХК хамтарсан түншлэлийг шал­гаруулсан байгаа. Зөвлөх үйл-чилгээний гэрээ байгуулж хол­богдох ажлуудыг гүйцэтгэж эхлээд байна. Мөн Хяналтын зөвлөхийг сонгон шалгаруулах тендерийн мэдэгдлийг өдөр тутмын хэвлэл, олон улсын мэдээллийн сайтуудаар олон нийтэд зарласны дагуу нийт 11 компани саналаа ирүүлсэн. Тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн ком­паниудын саналтай танилцсаны үндсэн дээр DBI, Mott MacDonald, Worley Parsons, Sunjin & Tonichi түншлэл зэрэг гадны туршлагатай компаниудыг хураангуй  жагсаалтад сонгон шалгаруулсан ба үнэлгээний ажил явагдаж байна.

-Тендерт дан гадны компа­ниуд шалгарсан байна. Дотоодын компаниудад энэ чиглэлээр ажил-лахад туршлага дутаж байна уу?

-Манайд энэ талын туршлагатай компани одоогоор байхгүй,  туршлага дутуу байна. Дотоодын мэр­гэжилтнүүдээ үнэлэхгүй байгаа юм биш. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн барилгын ажлын тус­лан гүйцэтгэгчээр дотоодын 12 компанийн 1000 гаруй хүн оролцон ажиллаж байна. Энэ нь бид монгол компани, монгол мэргэжилтнүүдээ дэмжин ажиллаж буйг илэрхийлж байгаа хэрэг. “Шинэ төмөр зам” төсөлд гадны орнуудаас их хэм­жээний хөрөнгө оруулалтыг татаж байгаа. Энэ хэмжээгээр хариуцлагатай байхыг шаардаж байгаа учир гадны туршлагатай, олон улсад нэр хүнд бүхий ком­паниудтай хамтран ажиллаж байгаа юм. Манай техникийн зөвлөх ком­паниар шалгарсан “Ниппон Коэй” ХХК гэхэд дэлхийн 135 улс оронд 3000 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж Япон Улсын нэг номерын инженерийн байгууламжийн зөвлөгөө өгөх компаниар шалгарсан байгууллага юм. Төмөр замын салбарт техник эдийн засгийн үндэслэл, барилгын ажил ба ашиглалтад хяналт тавих зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлэх тал дээр Олон Улсын чанарын шаардлага хангасан зэрэг нь техникийн зөвлөхөөр сонгон шал­гаруулах гол үзүүлэлт болсон байгаа. Харин хуулийн зөвлөхөөр сонгон шалгаруулсан АНУ-ын “Sidley Austin” фирм нь  АНУ-даа зэрэглэлээрээ зургаад ордог 2011 онд “Оны шилдэг хуулийн фирм”-ээр тодорч байсан бөгөөд энэ онд орлогоороо дэлхийн хамгийн том 12 хуулийн фирмийн нэгд багтаж байсан асар их туршлага, ур чадвар бүхий байгууллага байгаа юм. Мөн санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан  дэлхийн 78 оронд салбартай, Парисын Үндэсний банк болох “BNP Paribas” банк нь Нийт активынхаа хэмжээгээр Евро бүсэд хамгийн том банкинд тооцогддог.”Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын хөрөнгийн биржид IPO хийхэд зөвлөх, хувьцааны арилжаанд оролцох, зуучлахад шалгарч байсан Монголын талтай хамтран ажиллаж байсан туршлагатай ком­пани гэдгээрээ давуу үнэлэгдэж сонгогдсон байгаа. Зарим хүн надад төмөр замаа монголчууд өөрсдөө барьж чадна шүү дээ гэдэг. Монголчууд үнэхээр төмөр замаа барьж чадна. Гэхдээ одоо бид нэгдүгээр зэрэглэлийн зам барьж байна. Харин манай одоогийн хэрэглэж байгаа зам бол гуравдугаар зэрэглэлийнх шүү дээ. 

-Төмөр зам барихад газар чөлөөлөлтийн ажил саад болж байгаа гэсэн. Нутгийн малчин иргэдтэй хэрхэн ойлголцож байна вэ?

 -Зам тээврийн сайд А.Гансүх энэ сарын эхээр Өмнөговь аймагт очиж ажилласан. Ингэхдээ газар чөлөөлөлттэй холбоотой асуудлаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Батлан хам­гаа­лахын сайд Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Бадраатай уулзаж ярилцсан. Орон нутгийн зүгээс газар чөлөөлөлтийн асуудал, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, худаг ус гаргахад бүх талаасаа хамтарч ажиллахаар ярилцсаны хүчинд шийдэлд хүрч чадлаа.

-Газар чөлөөлөх гэж их хэм­жээний мөнгө нэхсэн хүмүүстэй тохиролцож чадсан уу?

-Зарим өрх гурван тэрбум төгрөг хүртэл нэхэмжилсэн тохиолдол гарсан. Бид энэ хэмжээний мөнгийг гаргах боломжгүй. Хамгийн гол нь нутгийн иргэд, малчид “Шинэ төмөр зам” төслийг төрийн ажил, Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Энэ чинь аль нэг хувийн компанийн ажил биш шүү дээ. Энэ бүхнийг зарим нэг нь буруугаар ойлгож, газар чөлөөлөхөд чөдөр тушаа болох, их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь ажиглагдаж байна. Өнгөрсөн долоодугаар сард Ерөнхий сайдын албан даалгавар гарч орон нутгийн бүх шатын удирдлага өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийж ажилла гэсэн чиглэлийн дагуу орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

-Манай улсад энэ чиглэлээр ажиллах мэргэшсэн боловсон хүчин дутмаг байна. Цаашид боловсон хүчнээ бэлтгэх, гад­ныхнаас туршлага солилцоход хэрхэн анхаарч байна вэ?

-Бид дотоод, гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж мэргэжилтэн бэлтгэх, урт, болон богино хугацааны сургалтад хамруулж мэргэжлийн зэрэг, цол дээшлүүлэх, туршлага солилцох тал дээр анхаарч байгаа. Төмөр замын тээвэр өндөр хөгжсөн улс оронд залуусаа сургаж байна. ЗТЯ-наас зохион байгуулж буй БНХАУ-ын Зам харилцааны Их сургуульд төмөр замын чиглэлээр бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдах 13 хүүхдийн сургалтын төлбөр болон байр, хоол, унааны зардлыг манайхаас даан сургаж байгаа. Мөн Хөдөлмөрийн яамнаас МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөл­бөрийн “Ажлын гараа” төсөлд хам­рагдсан дөрөв дэх багийн 15 залууг “Шинэ Төмөр Зам” төслийн барилгын ажилд оролцуулсан.

-“Монголын төмөр зам” ком­панийн захирлын талаар иргэд сонирхож байгаа. Та өмнө нь ямар ажил эрхэлж байсан бэ?

-Би ОХУ-д Төмөр замын дээд сургууль төгсөөд “Улаанбаатар төмөр зам” компаниас ажлын гараагаа эхэлсэн. “Улаанбаатар төмөр зам” компанийн онцлог нь сургуулиа төгссөн хүнийг ажилд багаас нь сургадаг. Миний хувьд ч замчны ажлаас л эхэлсэн. Замчнаар ажиллаж байгаад бригадын дар­га, инженер гээд бүх л шатанд ажиллаж байсан. Энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албыг хашиж байсан.

-“Шинэ төмөр зам”-д хөрөнгө оруулах 10 компанитай хэлцэл хийж байгаа гэсэн. Аль улсын ямар компани манай төмөр замд хөрөнгө оруулахаар болоод байгаа вэ?

-Яг одоо хэлцлийн шатанд явж байгаа учраас компаниудын талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Бидний хувьд энэ чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан Орос, Солонгос, Япон, Хятад, Америк зэрэг олон орны мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00