Б.Батзаяа: Бидний өнөөдөр алдаж байгаа нэг өдөр алсдаа нэг сар, нэг жилээр ажлыг хойш татна шүү дээ

Б.Батзаяа: Бидний өнөөдөр алдаж байгаа нэг өдөр алсдаа нэг сар, нэг жилээр ажлыг хойш татна шүү дээ

-Манайх шиг өргөн уудам газар нутагтай, газар дороо асар их баялагтай, тархуу суурьшилтай, нөлөө бүхий хоёр гүрэнтэй шууд хиллэдэг, далайд шууд гарцгүй улс орны хувьд төмөр замын асуудлыг геополитикийн хүрээнд онцгойлон чухалчлан авч үзэх ёстой салбар гэдгийг онцолмоор байна. Ерөнхийдөө энэ салбарт бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани байгуулах зорилгоор 2008 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсан байдаг. Миний хувьд, өнгөрөгч оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн ТӨХ-ны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан нь энэ парламентын бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн чухал ажлуудын нэгд тооцогддог. Бодлогын хэрэгжилт ямар шатанд явна вэ?

-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” 32 дугаар тогтоолыг УИХ-аас 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр соёрхон баталсан. Уг бодлогоор нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар шинээр барихаар зааж, эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Үүний дагуу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2010 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон явдал нь манай компанийг Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлсон, үндэсний компани болж хөгжих боломжийг олгосон. Нөгөө талаар том итгэл, хариуцлага хүлээлгэсэн бодлогын, түүхэн шийдвэр байсан гэж ойлгодог. Гэвч өнөөгийн нөхцөл байдал арай өөр тийшээ эргэж байх шиг байна.

-Тэгэхээр танайх энэ үүргийнхээ хүрээнд хэдэн км замыг тавьсан хэрэг вэ?

-Таны асуултад жаахан тайлбар хийх хэрэгтэй болж байна. Манай зарим хүмүүс бодохдоо төмөр зам барина гэхээр л хүрз, трактортай очоод зам бариад эхлэх юм шиг ойлгодог. Төмөр зам барьж байгуулахад Нэгдүгээрт төмөр зам барих шаардлага бий эсэх, чиглэл маршруутаа тодорхойлох. Хоёрдугаарт шинээр барих төмөр зам нь ашигтай эсэх, энэ төслийг хэрхэн санхүүжүүлэхийг тодорхойлох. Гуравдугаарт төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэх. Дөрөвдүгээрт төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулах. Тавд төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллуулах. Зургадугаарт хяналт хэрэгжүүлэх зэрэг үндсэн үе шатуудыг дамжиж хэрэгждэг.

-Уучлаарай, яриаг тань таслаад асууя. Сая хэлсэн үе шатуудаасаа танай компани чухам юу юуг нь хийж амжуулсан бэ?

Нэгдүгээр асуудлыг төрийн бодлогоороо шийдсэн. Бидний хамгийн түрүүнд хийж гүйцэтгэх ѐстой чухал ажил бол шинээр барих төмөр замын төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах байсан. ТЭЗҮ боловсруулах зөвлөхөөр “McKinsey and Company”-гаар ахлуулсан “BNP Paribas” гэх дэлхийн томоохон банк, “Pillsbury” гээд америкийн хуулийн компани, Монголд бүртгэлтэй “Liberty partners LLC” гэх дөрвөн компанийн бүрэлдэхүүнтэй зөвлөх багийг сонгон ажиллуулахаар болсон. Хөгжлийн банк тухайн үед байгуулагдаагүй байсан учир санхүүжилтийн асуудал дээр хүндрэл учирсан. Цаг алдахгүй ажлаа явуулах үүднээс холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг авч өөрийн эзэмшлийн 3 зүтгүүрээ барьцаалан ХААН банкнаас 5 сая 650 мянган ам.долларын зээл авч ТЭЗҮ-ээ 4 дүгээр сараас дөрвөн сарын хугацаанд хийлгэсэн. Зөвлөх баг ТЭЗҮ-д эхний болон хоёр дах үе шатанд баригдах төмөр замыг судлан авч үзэж зүүн тийш явсан төмөр замын төсөл нь эдийн засгийн хувьд ашигтай, гадаадын хөрөнгө оруулалтыг бодитой татаж чадах төсөл гэж тодорхойлсон. Зөвлөх багийн боловсруулсан ТЭЗҮ-г 2011 оны наймдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж уг хурлаас ТЭЗҮ-д тодорхойлсон Тавантолгой-Цагаансуварга-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Ухаахудаг-Гашуунсухайт, Нарийсухайт-Шивээхүрэн дагуу 1800 км сүлжээ төмөр замын барилгын ажлыг цогц байдлаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг хурлын 40 дүгээр тэмдэглэлээр тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад үүрэг болгосон. Мөн хурлаас төсөлд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларыг 2011 онд багтаан Хөгжлийн банкаар дамжуулж олгох тухай 266 дугаар тогтоолыг баталж гаргасан.

-Танайхыг их хэмжээний мөнгө авчихаад гараас нь ажил гарахгүй байгаа тухай хэвлэлээр бичигдэж байгаа. Та үүн дээр ямар хариу өгөх вэ?

-УИХ-аас баталсан бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн өмчит компанидаа засгаас нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэвэл та итгэх үү.

-Юу гэсэн үг вэ. 55 сая ам.долларыг эхний ээлжинд гаргах тогтоол гарсан юм биш үү. Танайх Хөгжлийн банкнаас мөнгө авч байгаагүй гэж үү?

-Хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулж, хөгжлийн банкнаас шаардсан бүхий л бичиг цаасыг гаргаж өгч хамтран ажиллаж байгаа хэдий ч одоогоор асуудал шийдэгдээгүй, нэг ч төгрөг авч чадаагүй л байна.

-Тэгэхээр та бүхэн зээл авч ТЭЗҮ-гээ хийлгэсэн юм байна. Хөрөнгө оруулалт орж ирээгүйгээс болоод өөр ажил амжуулж чадаагүй байх нь ээ?

-Бид санхүүжилт орж ирэхгүй байна гээд зүгээр суугаагүй ээ. Төмөр замын техникийн зургыг боловсруулахын тулд эхлээд маш их судалгааны ажил хийх ёстой. Геологи, геодези, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, туршилтын журмаар хөрс хуулалт гээд Техникийн зураг төслийг боловсруулахад шаардлагатай 22,3 тэрбум төгрөгний судалгааны ажлыг эхний үе шатны 1165 км-т бүрэн хийлгэж дуусгасан. Эдгээр ажлыг тухайн салбартаа тэргүүлэгч үндэсний 35 компани өөрсдийн санхүүжилтээр гардаж хийсэн юм. Монгол Улс зууны гэж хэлж болох том бүтээн байгуулалт хийх гэж байна, монголчууд өөрсдөө төмөр замаа барина, өөрийн төмөр замтай болно гэсэн сайхан сэтгэлт хүмүүс одоо цагт цөөнгүй байгаад үнэхээр бахархмаар. Тэдгээр компаниуд бүгд их бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, түүхийг бичилцэж байна гэсэн үүднээс төр бидний мөнгийг удаалгүй өгнө гэдэг итгэл үнэмшилтэгээр эдгээр ажлуудыг сэтгэл гарган хийж өгсөн. Зарим компанийн захирлууд байр орон сууцаа хүртэл барьцаалан зээл авч энэ ажилд орсон байдаг. Гэтэл бид тэднээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг одоо болтол өгч чадаагүй сууж байна даа. Яг үнэндээ заримдаа хэнд ч юм гомдмоор санагдах юм. Ийм хэмжээний мөнгийг засаг шийдэх боломж байсан л байх гэж боддог. Эдгээр судалгааны ажлын үр дүнд тулгуурлан FEED (Front end Engineering Design) дизайн буюу техникийн зураг төслийг боловсруулдаг.

-Техникийн зураг боловсруулах зөвлөхөөр Австралийн “СМЕК” компанитай хамтран ажиллах гэж байгаа гэж байсан. Тэр ажил юу болж байгаа вэ?

-Олон улсын жишгээр ТЭЗҮ хийгдсэний дараа техникийн зураг хийгдэж, төслийн ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулдаг. Зарим хүмүүс гүйцэтгэх компаниараа техникийн зургаа хийлгэх ёстой гэдэг ч энэ нь төмөр замынхаа өртөгийг өсгөдөг сөрөг талтай гэж үздэг. Техникийг зургийг нарийн гаргаж, үүнийхээ дагуу тендерээ зарлаж гүйцэтгэгч компаниа сонгох юм. Техникийн зөвлөхийн тендерт дөрвөн компани оролцсоноос Австралийн “СМЕК” компани шалгарсан. Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш энэ компанитай гэрээ байгуулахад бэлэн болчихоод л хүлээж байна. Дээр хэлсэнчилэн техникийн зураг боловсруулахад шаардлагатай бүх судалгааны ажил хийгдээд бэлэн болчихсон, урьдчилгаа төлбөр 840 мянган ам.долларыг нь өгчих юм бол тэд ажлаа эхлэхэд бэлэн. Уг нь найман сарын хугацаанд ажлаа хийх ёстой юм. Бид үнэндээ хугацаа их алдаж байна. Бидний өнөөдөр алдаж байгаа нэг өдөр алсдаа нэг сар, нэг жилээр ажлыг хойш нь татах юм шүү дээ.

-Ер нь энэ шинэ төмөр замын нэгж км-ийг ямар өртгөөр барина гэсэн тооцоо байдаг вэ?

-ТЭЗҮ-р нэгж км төмөр замыг дунджаар 2.5 сая ам.доллараар барина гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр 1800 км төмөр замыг дагалдах суурь бүтэцтэй нь барьж байгуулахад 4.5 тэрбум ам.доллар, эхний ээлжинд шаардлатай хөдлөх бүрэлдэхүүн болох 125 зүтгүүр, 4000 вагон гэж тооцоход 700 сая ам.доллар гээд төслийн нийт өртөг маань 5.2 тэрбум ам.доллар болж байгаа юм. Хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа (pay back period) нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 9.6 жил байна гэж тооцоолсон.

-Та бүхэн арилжааны банкнаас жилийн 9 хувийн хүүтэй зээл авсан гэсэн. Хүүгээ хэрхэн төлж байгаа юм бэ?

-Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг Монголын төмөр зам компани үйл ажиллагааныхаа орлогоос “ХААН” банкны зээлийн хүүгээ төлөөд явж байгаа. Зээлийн гэрээ хийгээд бүтэн нэг жил өнгөрчихөж. 12 сарын зээлийн хүү гэж 430 гаран мянган ам.доллар төлсөн байна.

-Танай компаний гол орлого юу байдаг юм бэ?

-1995 онд ашиглалтад орсон Японы тусламжаар Замын-Үүдэд баригдсан шилжүүлэн ачих байгууламж, 3 зүтгүүр манай эзэмшилд байдаг. Үүнийгээ УБТЗ-д түрээсээр ашиглуулдаг. Өнгөрсөн онд бид улсын төсөвт 2.1 тэрбум төгрөг төвлөрүүлж Монгол улсын шилдэг 100 татвар төлөгчийн нэгээр шалгарсан. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 5 зүтгүүр, 245 вагон саяхан орж ирлээ. Шинэ вагонуудаараа 12 дугаар сараас хойш 160-аад мянган тонн ачаа тээвэрлээд байна. Энэ жилдээ бид 1 сая гаран тонн ачаа тээвэрлэх зорилго тавин ажиллаж байна. Ондоо багтаад дахин сэлгээний 1 зүтгүүр, зам засварын 57 вагон орж ирнэ.

-Тэгэхээр бас ч гэж өөрийн зүтгүүр вагон нэмэгдэж байгаа юм байна. Гэхдээ өөрийн гэсэн зам байхгүй болохоор хэрхэх вэ?

-Зовлон бол чамгүй их байнаа. Бид зүтгүүрүүдээ бүгдийг нь УБТЗ ХНН-д түрээслээд явж байгаа. УБТЗ ХНН нь 1949 оны Орос Монгол 2 улсын хоорондын гэрээгээр Монгол улсад ямар нэгэн татвар төлөхөөргүйгээр зохицуулагдсан байдаг нь энэ салбарт өрсөлдөөн гэж зүйлийг хаачихаад байгаа юм. Шинээр орж ирж байгаа гол замын 5 зүтгүүр дээрээ нэг жилээр жишээлэн эдийн засгийн тооцоо хийж үзэхээр тээвэрлэлт хийснээс УБТЗ ХНН-д түрээслэсэн нь даруй 2 тэрбум төгрөгөөр илүү орлого олохоор гарсан. Учир нь бид тээвэрлэлт хийвэл шатахуун тослох материал, сэлбэг хэрэгсэл гэх мэт зүйлсээ бүгдийг нь татвартай авна. Гол зөрүү энд л байгаа юм. Хэдий бага ашиг өгөх ч гэсэн бид бие даан тээврийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор УБТЗ-ыг зам ашиглах тарифаа гаргаж өгөх хүсэлтийг тавиад удаж байна. Тариф бодох аргачлалыг нь ТЗГ-аас гаргаж өгсөн гэдэг боловч тэд тариф гэж зүйл гаргаж бусад тээвэрлэгчдийг зам дээрээ гаргах сонирхолгүй байдаг шиг байгаа юм аа. Саяхан орж ирсэн БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд авсан гол замын 5 зүтгүүрээ бид УБТЗ-ын зам дээр гаргаж чадахгүй л байна. УБТЗ-ын зам дээр хятад улсад үйлдвэрлэсэн зүтгүүр явуулахгүй гээд Зөвлөлдөх хорооных нь хурлын протокол гарчихсан гэдэг. Ийм бэрхшээлтэй, ойлгомжгүй, нэг байгууллагын монополь байдлаас болж дээрх зүтгүүрүүд маань зам дээр гарах эсэх нь эргэлзээтэй болчихоод байна. Монголын төрийн өмчит компанийн эзэмшлийн зүтгүүр Монгол нутаг дэвсгэр дээр байгаа төмөр зам дээр үйл ажиллагаа явуулах боломж үгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Холбогдох байгууллагууд асуудлыг мэдэж байгаа тул удахгүй асуудал эерэгээр шийдвэрлэгдэх байх гэж найдаж сууна.

-“Монголын төмөр зам” компанийг Женко Х.Баттулгын хүн Б.Батзаяа удирдаж байгаа учраас Засгийн газар танайх руу албаар анхаарлаа хандуулахгүй байгаа юм биш үү?

- Энэ компани Төрийн өмчит компани болохоос хэн нэгний хувийн компани биш гэдгийг учир мэдэх хүмүүс битгий хэл энгийн иргэд ч ойлгож мэдэж байгаа зүйл баймаар. УИХ-аас баталж гаргасан бодлогыг Засгийн газрын даалгавраар хэрэгжүүлж байгаа компани. Энэ бол хүндээ асуудал нь байдаг салбар биш гэж би ойлгодог. Хэрэв засгийн газар баталсан хөрөнгө санхүүжилтийн асуудлаа цаг алдалгүй шийдэж өгч байсан бол төмөр замын салбарынхан, манай хамт олон илүү ихийг хийж амжуулах боломж байсан гэдгийг л тэмдэглэж хэлмээр байна.

-Та Х.Баттулга гишүүний бие хамгаалагчаар ажиллаж байсан юм уу. Гадуур ингэж ярьж бичиж байгаа учраас асууж байна л даа?

-Миний хувьд цагдаагийн тусгай тасаг, Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан. 2000 онд гэрээт харуул хамгаалалтын хууль батлагдахад гэрээт харуул хамгаалалтын компани байгуулж, анхны компаниудын нэг болж ажиллаж ирсэн. Манай компанийн том харилцагч үйлчлүүлэгч нь Женко групп, түүний охин компаниуд байсан нь маргашгүй үнэн. Бид элчин сайдын яамд, дипломат байгууллагууд зэрэг олон байгууллагуудыг ч мөн хамгаалдаг байсан. Х.Баттулга гишүүний бие хамгаалагчаар бол ажиллаж байгаагүй ээ. Харин энэ хүнтэй 10 гаран жил сайхан нөхөрлөж, эх орноо гэсэн сэтгэлээр аливаад ханддаг, өргөн өнцгөөр далайцтай сэтгэж зорьсондоо хүрч чаддаг зэрэг чанаруудаас нь суралцаж явна.

-Таныг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн бие хамгаалагч гэж нэг хэсэг ярьдаг байсан. Та яг ямар мэргэжлийн хүн бэ?

-Би багш дасгалжуулагч мэргэжилтэй. Бие хамгаалагчийн мэргэжлийн тухайд бол 1957 онд Парис хотноо үүсгэн байгуулагдсан одоо Ирландад төвтэй мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэн гаргадаг гол том байгууллага болох Олон Улсын Бие Хамгаалагчдын Холбоонд 1999 онд гишүүнээр элссэн. Тус байгууллагын бүх шатны сургалтуудыг дүүргэн Олон улсын сургагч багш болж ХонКонг-д сургалт удирдан явуулж байсан гээд зүйлүүд бий. 2005 онд Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны магистрын зэргийг “Төрийн тусгай хамгаалалтыг олон улсын жишигт хүргэх цаг үеийн шаардлага” сэдвээр хамгаалсан. Академийн Эрдмийн зөвлөлөөс дипломын ажлыг маань Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмжөөр хүргүүлж байлаа. Төрийн өндөр албан тушаалтны аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг бол түүнд ирж болох эрсдэл, улс орны дотоод, гадаад орчны нөлөөлөл улс төрийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсийг авч үзэж шинжилж судалдаг бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж байна. Энэ өнцгөөс нь УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг авч үзэх юм бол төмөр замаа барих үе шатуудыг тодорхойлж гаргаснаас авахуулаад олон чухал асуудлууд тэр дундаа хөрш орнуудтай харилцах бодлогыг зөв тодорхойлж чадсан байдаг юм.

-“Морик” гээд компанитай Монголын төмөр зам компани нууцаар гэрээ байгуулсан гэж сүүлийн үед нилээд улстөржлөө. Нууц гэгдэх энэ гэрээний талаар та юу хэлэх вэ?

-Ер нь бол төрөөс нууж гэрээ байгуулаад, нууцаар төмөр зам барина гэх ойлголт нь өөрөө байх боломжгүй зүйл юм шүү дээ. Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг Батзаяа гэдэг хүн нууцаар төмөр зам бариад нэг өдөр гаргаад ирэх нь л дээ. Бид ийм том асуудал дээр ийм өчүүхэн жижиг сэтгэлгээгээр хандаж болохгүй юм аа. ЗТБХБ-ын сайд болон ТӨХ-ны даргын хамтарсан тушаалаар төмөр замын суурь бүтэц барих гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо бүхий компани байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу өмнө нь Ерөнхий сайд, ЗТБХБ-ын сайд нарт шинэ төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолоо илэрхийлээд байсан “Монголиа Рэйлвэй Инфрастракчер” буюу МОРИК компанитай шинэ төмөр замын төслийн ТЭЗҮ-г санхүүжүүлж, төслийн компани байгуулж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр хийж гэрээний төсөл боловсруулсан. 2 талаас түүнийгээ үзэглэж, салбарын сайдад танилцуулсан л гэрээний төсөл юм шүү дээ. 2 дугаар сард Солонгост МОРИК компанийхантай уулзахдаа төсөлд хөрөнгө оруулах эрх зүйн орчин бүрдсэний дараа хамтын ажиллагааны нөхцөлөө дахин хэлэлцэн ярилцахаар тохиролцсон. Тэгэхээр нууц гэрээ гээд байгаа тэр зүйлийг хэрэгжүүлэх талаар талууд ямарваа нэг зүйл нэмж хийгээгүй, аливаа эрх зүйн үр дагавар үүсээгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Хөрөнгө босгох боломж эрх зүйн орчин бүрдээгүй байсан учраас бид зүтгүүрээ барьцаалан зээл авч ТЭЗҮ-ээ хийлгэсэн. ТЭЗҮ-ээр тодорхойлсон 1800 км төмөр замын төсөлд МОРИК компани монголын нэр бүхий 2 компанитай хамтран Консорциум хэлбэрээр хөрөнгө оруулж оролцох санамж бичгийг энэ оны 3 дугаар сард байгуулсан. Энэ үеэрээ МОРИК компани ЗТБХБЯ-ны одоогийн удирдлагад төсөлд оролцох сонирхолоо мөн илэрхийлсэн.

-Үүнийгээ эрт хэлж ярьж, мэдэгдэл ч юм уу гаргаж болоогүй юм уу. Төрийн өмчийн хороо танд хариуцлага тооцно гээд мэдэгдэл гаргасан байсан шүү дээ.

-Нэгдүгээрт энэ талаар аливаа нэг байгууллага албан тушаалтан надаас албан ёсоор асууж лавлаагүй, хоёрдугаарт би төрийн тусгай хүчний дүрэмт хувцас өмсөж тэргүүндээ төрийн сүлд залж явсан хүний хувьд төрийг хэн удирдаж байгаагаас үл шалтгаалан төрдөө хүндэтгэлтэй хандахыг эрхэмлэж, хичээж явдаг. Харин Төрийн өмчийн хорооноос асуудлыг нягтлан шалгаж тунгаалгүй мэдэгдэл гаргасанд нь харамсаж, гайхаж байна.

- Саяхан Засгийн газраас “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани байгуулах шийдвэр гаргалаа. Хоёр ижил статустай компани бий болж байна гэсэн үг. Цаашид яаж ажиллах вэ?

- Тийм шийдвэр гарсан. “Төмөр Замын Тээврийн тухай хууль”-ийн 19.3-т зааснаар “Суурь бүтэц эзэмшигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд суурь бүтэц болон тээвэрлэлтийн үйл ажиллагааны санхүүгийн тооцоо тусдаа байна” гэсэн байдаг. Тодотгоход санхүүгийн тооцоо гэж байгаа болохоос тусдаа бүтэц байна гэж заагаагүй байдаг. Мөн энэ шийдвэр нь УИХ болон ЗГ-ын зарим нэг тогтоолтой зөрчилдөж байгаа явдал бий. Нэгэнт шинэ төмөр замын төслийн ажилд жил гаран нухлагдаж төслөө бүхлээр нь хараад чамгүй дадал туршлага суусан залуус нь ажлаа авч явж байгаад төсөл жигдэрсний дараа суурь бүтэц эзэмших шинэ компаниа байгуулах нь оновчтой байсан мэт санагддаг. Шинэ компани байгуулагдаж зүгширтэл тодорхой хугацаа орж таарна. Дээр нь хийх бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн, түүхэнд үлдэх бүтээн байгуулалтад гар бие оролцох эрмэлзэл дүүрэн Монголын төмөр зам компанид орж ирэн ажиллаж байгаа, төслийн хүрээнд ажиллаад багагүй туршлага хуримтлуулчихсан залуусыг маань, нилээдгүй ажил хийчихсэн үндэсний 35 компаниудын ажлын хөлсийг хэрхэн шийдэх бол гэдэгт сэтгэл зовниж байгаагаа нуух арга алгаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00