Б.Батзаяа: Шинэ төмөр зам экспортын шинэ гарцуудыг бий болгоно

Б.Батзаяа: Шинэ төмөр зам экспортын шинэ гарцуудыг бий болгоно

-Монгол Улсын төмөр замын салбарын ирээдүйн хөгжилд онцгой үүрэг хүлээж байгаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн талаар танилцуулна уу. Хариуцлагатай энэ албыг хэдийнээс хашиж байна?

-Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдаж байсан түүхтэй. Миний хувьд, өнгөрөгч оны нэгдүгээр сарын 20- ны өдрийн ТӨХ-ны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.  

-Шинээр төмөр зам барих, төмөр замын нэгдсэн сүлжээг бий болгох тухай УИХ-ын 32 дугаар тогтоол 2010 онд батлагдаж, шинэ төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газраас танай компанид өгсөн. Энэ талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Ашигт малтмалын салбарын хөгжил эрчимжиж, түүнтэй уялдан дэд бүтцийн салбарт шинэ бүтээн байгуулалтуудыг хийх зүй ёсны шаардлага бий болж байна. Энэ бүхэнд төмөр замын салбарын гүйцэтгэх үүрэг тэргүүлэх ач холбогдолтой байх болно. Одоогоор төмөр замын тээвэртэй өрсөлдөх хямд, байгальд ээлтэй тээвэр байхгүй байгаа нь бодит үнэн. Манайх шиг өргөн уудам газар нутагтай, газрын эрдэс баялаг нь тархуу байршилтай, нөлөө бүхий хоёр гүрэнтэй шууд хиллэдэг улсад хүссэн бүхэн хаа дуртай газраа төмөр зам барьж болохгүй нь тодорхой юм. Тийм ч учраас Монгол Улсын хувьд онцгойлон авч үзэх учиртай төмөр замын салбарт баримтлах “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” 32 дугаар тогтоолыг УИХ-аас 2010 оны зургаадугаар сарын 24-ний өдөр соёрхон баталсан. Бодлогын баримт бичгээр Монгол Улсын төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгож, дамжин өнгөрүүлэх чадавхийг дээшлүүлэн салбарын эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох болон боловсруулан экспортолж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах арга замуудыг тодорхойлж хуульчилж өгсөн нь цагаа олсон чухал шийдвэр юм. Уг бодлогоор нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар шинээр барихаар зааж, эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Үүний дагуу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2010 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон явдал нь манай компанийг Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлсон, үндэсний компани болж хөгжих боломжийг олгосон. Нөгөө талаар том итгэл, хариуцлага хүлээлгэсэн бодлогын, түүхэн шийдвэр байсан гэж ойлгодог.

-Уул уурхайгаа түшиглэн манай улсын эдийн засаг тэлж буй энэ үед “Шинэ төмөр зам” төсөл хэрэгжиж эхэлж байна. Төслийн ажлын явц ямар байна вэ?    

-Юун түрүүнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж, УИХ-аар батлуулахаас авахуулаад өнөөг хүртэл шинэ төмөр замын төслийг богино хугацаанд бодит ажил хэрэг болгох тал дээр онцгой анхаарч ажиллаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Өнгөрсөн хугацаанд бодлогын эхний үе шатанд барихаар заасан Даланзадгад - Тавантолгой – Зүүнбаян - Сайншанд- Баруун-Урт – Хөөт - Чойбалсан чиглэлийн  төмөр замын трассыг баталж, геодези, геологи, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг трассын дагуу 1100 гаруй километрт хийж дуусгасан. Мөн туршилтын хэлбэрээр 100 гаруй км газарт хөрс хуулалтын ажлыг гүйцэтгүүлсэн. Хамгийн гол ажил гэвэл “Шинэ төмөр зам” төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) дэлхийд зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч “МакКинсей энд Компани”- аар ахлуулсан зөвлөх багаар хийлгэсэн явдал юм. Бид анхлан зөвлөх багийг эхний үе шатны ТЭЗҮ-ийг хийлгэхээр сонгон шалгаруулж ажиллуулсан хэдий ч эхний үе шатны Даланзадгад – Чойбалсан чиглэлийн төмөр зам маань цэвэр орон нутгийн чанартай зам тул олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, эдийн засгийн үр ашгийн талаасаа ч тэр бие даасан төсөл болж хэрэгжихэд хүндрэлтэй учир эхний болон хоёр дахь үе шатанд (экспортын дөрвөн гарцтай) баригдах төмөр замыг нэг төсөл болгож хэрэгжүүлэх нь ашигтайн дээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг бодитоор татаж чадах юм гэсэн саналыг зөвлөх багийнхан бидэнд тавьсан. Холбогдох байгууллагуудад танилцуулж, зөвшилцсөний дагуу зөвлөх баг судалгааг бодлогын эхний болон хоёр дахь шатны төмөр замын чиглэлд хийж ТЭЗҮ-ийг боловсруулан бэлэн болгож, 2011 оны наймдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж, уг хурлаас ТЭЗҮ-ийг дэмжиж төслийн санхүүжилтэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг зөвшөөрсөн 266 дугаар тогтоол, ТЭЗҮ-д тодорхойлсон дунджаар 1800 км сүлжээ (Тавантолгой-Цагаансуварга-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Ухаахудаг-Гашуунсухайт, Нарийсухайт-Шивээхүрэн)-ний дагуу төмөр замын барилгын ажлыг цогц байдлаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг хурлын 40 дүгээр тэмдэглэлээр тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад үүрэг болгосон. Үүний дагуу сайдын тушаал гарч бидэнд тодорхой үүрэг, чиглэлүүд өгсний дагуу шинэ төмөр замын төслийн техникийн зураг төсөл, төслийн барилгын ерөнхий гүйцэтгэгчийг (EPC) сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг боловсруулах чиг үүрэг бүхий Техникийн зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, уг тендерт Австралийн “СМЕК Монголиа” компани шалгарч ажлын даалгавраа эцэслэн тохирч, гэрээ байгуулах шатандаа явж байна. Мөн төслийн Санхүүгийн зөвлөх (банк) сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэн 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн “Financial Times” болон дотоодын өдөр тутмын хэвлэлд зараа нийтлүүлээд байгаа ба одоо Хуулийн зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлахаар тендерийн баримт бичгээ боловсруулж байна. Ерөнхийлөн дурдахад ийм байна. Дээр дурдсан ажлуудыг гүйцэтгэхэд шаардлагатай судалгаа, холбогдох байгууллагуудын зөвлөмж, зөвшөөрлийг авах гэх мэт процессын ажлууд бол тасрахгүй юм даа.

-Шинэ төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг хийж дууссан гэлээ. Тэгэхээр энэ төслийн нийт хөрөнгө оруулалт хэд байх бол. Төслийн үр өгөөж, санхүүжилтийг хэрхэн шийдэх, өртгөө нөхөх хугацаа, хэдэн тонн ачаа тээвэрлэх зэрэг ТЭЗҮ-тэй холбоотой мэдээлэл сонирхол татаж байна?

-Шинэ төмөр замын төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл гэдгийг юуны өмнө онцлон хэлэхийг хүсэж байна. Шинэ төмөр зам Тавантолгойн орд газраас урагш болон зүүн чиглэлд баригдаж, экспортын шинэ гарцуудыг бий болгосноор уул уурхай, төмөр замын салбар, өргөн утгаараа Монгол Улсын эдийн засагт бодит үр өгөөж авчрах ач холбогдол бүхий төсөл юм.  Шинээр барих 1800 км төмөр замын суурь бүтэц дээр эхний ээлжинд шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнийг оролцуулан төслийн нийт үндсэн хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар таван тэрбум ам.доллар байхаар тооцоологдсон. Сайн мэдээ нь төслийн NPV буюу өнөөгийн цэвэр үнэлгээ нь 660 сая ам.доллар, IRR буюу төслийн өгөөж нь 13.5% байх тооцоо гарсан. Энэ нь Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд зүй ёсоор томд тооцогдох, хөрөнгө оруулагчид анхаарахгүй өнгөрч үл болох төсөл юм. Үүний нэг нотолгоо нь Санхүүгийн зөвлөх сонгон шалгаруулах зарын дагуу дэлхийд нэр хүндтэй  санхүүгийн 12 байгууллага сонгон шалгаруулалтад оролцохоор саналаа ирүүлээд байна. Төсөлд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын 60% буюу гурван тэрбум ам.долларыг зээлийн санхүүжилтээр (debt financing), 40% буюу хоёр тэрбум ам.долларыг өөрийн хөрөнгийн санхүүжилт (equity financing)-ээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа (pay back period) нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 9.4 жил байна гэж тооцоолж байгаа. 2020 он гэхэд төмөр замаар тээвэрлэх боломжтой нүүрсний хэмжээ жилд ойролцоогоор 67 сая тонн-д хүрэх ба үүнээс 47 сая тонн нь коксжих, 20 сая тонн нь эрчим хүчний зориулалт бүхий нүүрс байна гэсэн судалгаа гарсан. Үүн дээр уул уурхайн бусад бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Шинэ төмөр замаар ийм хэмжээний ачааг тээвэрлэх бүрэн боломжтой юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Монгол руу чиглэсэн чингэлэг, барилгын материал, шатахуун, хүнсний болон өргөн хэрэглээний импортын ачааг тээвэрлэх боломж үлэмж нэмэгдсэнээр манай эдийн засагт ч эерэг нөлөөлөл бий болно.

-Саяхан УИХ-аас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төрийн мэдлийн хувьцаа нь 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж дотоодын болон гадаадын Хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гарсан. Энэ нь төслийн санхүүжилтийн тодорхой хэсгээ бүрдүүлэх ажлын нэг хэсэг хэмээн ойлгож болох уу?

-Монгол Улсын төмөр замын салбарын түүх хэдий зузаан боловч 2011 оны аравдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын баталсан 46 дугаар тогтоол бол энэ салбарт хийгдэж буй анхны хувьчлалын түүхэн шийдвэр болсон юм. Санхүүгийн зөвлөх сонгон шалгаруулах ажил явагдаж байгаа талаар дээр дурдсан. Төслийн санхүүгийн зөвлөхийн гүйцэтгэх ажлын нэг нь “Монголын төмөр зам” компанийн үнэлгээг олон улсын жишгийн дагуу шинэчлэн тогтоох байгаа. Энэ ажил хийгдсэний дараа компанийн 49 хүртэл хувьд нэмэлт хувьцаа гаргаж, стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагчдад санал болгож,  Монголын Хөрөнгийн биржээр арилжаалах юм. Үүгээр төслийн өөрийн хөрөнгийн санхүүжилтийн тодорхой хэсгийг босгохоор төлөвлөж байна. Харин гадаадын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахын тухайд шаардлагатай бэлтгэл ажлыг одооноос тооцон хангаж, шинэ төмөр замын суурь бүтэц ашиглалтад орж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлж тодорхой хэмжээнд тогтворжсоны дараа хийгдэх ажил. Олон улсын хөрөнгийн зах зээлд “Монголын төмөр зам” компани өөрийн салбарт Монгол Улсаа төлөөлөх хэмжээний нэр хүндтэй, тэр хэмжээгээрээ шаггүй үнэлгээтэй, төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийн хэлбэрээр хөл тавих нь зүйтэй гэж хардаг. 

-Зарим хүн “Зүүн чиглэлд төмөр зам барих нь ашиггүй. Тавантолгойн орд газраас Хятад руу шууд нарийн царигаар төмөр зам барих нь зүйтэй” гэсэн байр суурьтай байдаг. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Дээр хэлсэнчлэн УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлахдаа Монгол Улсын төмөр замын дотоод сүлжээг дараах байдалтай байгуулна гээд хэрэгжүүлэх үе шатыг нь хүртэл тодорхой хуульчлан зааж өгсөн. Энэ нь Монгол Улсын төмөр замын салбарт баримтлах урт хугацааны бодлого болохоос бус зөвхөн Тавантолгойн ордод зориулсан бодлого биш гэдгийг өргөн утгаар нь ухаж ойлгох нь чухал юм. Зүүн тийш төмөр зам баригдсанаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн цогцолбортой холбох, цаашлаад экспортын гарцуудыг төрөлжүүлэх ач холбогдолтой юм. Зөвхөн Тавантолгойн нүүрсний ордыг авч үзэхэд нэг тонн нүүрсний борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээлийн үнээс хэт доогуур байгаа. Бодлогын баримт бичгийн нэг гол үзэл санаа бол уул уурхайн бүтээгдэхүүнийг далайн зах зээлд хүргэх явдал. Дотоодын нэгдсэн сүлжээгээр дамжуулан зүүн тийш тээвэрлэлт хийх гарцыг нээж, тогтвортой нэгдсэн бодлогыг хэрэгжүүлснээр Монгол Улс бүтээгдэхүүнээ далайд хүргэж, түүнийгээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэнэ. Хувь хүний байр суурийг хүндэтгэх нь ардчиллын зарчим хэдий мөн боловч “Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэх ардчиллын язгуур зарчимд захирагдаж таарна. Тиймээс хуульчлан баталсан хүчин төгөлдөр бодлогын баримт бичгийг ажил болгох нь бүх шатны байгууллага, хувь хүмүүсийн үүрэг гэж ойлгож байна.

-Манай улсын төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг олон улсын түвшинтэй харьцуулахад хаана нь яваа гэж та хэлэх вэ?  

-Дэлхийн 150 гаруй оронд нийтдээ нэг сая 400 мянга гаруй км урт төмөр зам байдаг бөгөөд төмөр замын уртаараа АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Канад гэсэн улсууд эхний тавд жагсдаг гэсэн статистик байдаг. Манай улсын хувьд 1800 орчим км төмөр замтай гэдэг. Энэ суурь бүтцийг Орос-Монголын “Улаанбаатар төмөр зам” ХНН эзэмшдэг бөгөөд өнгөрсөн онд 18 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ дээд амжилт тогтоосон үзүүлэлттэй байна. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард “Улаанбаатар төмөр зам” ХНН болон манай компанийн гишүүнээр нь элссэн “Олон улсын төмөр замын холбоо”-ны (UIC) 2010 оны судалгаагаар манайхтай ойролцоо төмөр замын урттай Латви (1897 км), Азербайжан (2079 км), Литва (1767 км) улсууд жилд 26-30 сая тонн ачаа тээвэрлэсэн гэсэн дүн байдаг. Өөр бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл БНХАУ төмөр замын нийт уртаараа дэлхийд гуравдугаарт жагсдаг боловч дэлхийн нийт ачаа эргэлтийн 1/4-тэй тэнцэх хэмжээний тээвэрлэлт хийдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ бүхэн өнөөдөр манай улсад асуудал болоод байгаа төмөр замын суурь бүтцийн хүчин чадал, дохиолол, төвлөрүүлэлт хориглолтын систем, хөдлөх бүрэлдэхүүний чанар, бүтээмж, тээвэр зохион байгуулалт, удирдлагын арга барил зэрэг хүчин зүйлсээс хамаарч байдаг. 

-Манай улсын төмөр замыг “Тээх нэвтрүүлэх чадвар муутай, тахир тойруу ихтэй” гэж олон хүн шүүмжлэлтэй ханддаг. Шинээр баригдах төмөр замын тухайд та юу хэлэх вэ?

-Ер нь бас их сонин, тохиолдлын гэмээр зүйл байна л даа. Монгол Улсад анх төмөр зам барих тухай шийдвэр 1936 оны аравдугаар сарын 9-ний өдөр гарч, дараа оных нь зун Зөвлөлтийн цэргийн барилгачид төмөр зам барих ажлаа эхлүүлж 1938 оны зун Ардын хувьсгалын 17 жилийн ойн баяраар ашиглалтад оруулж анхны галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн гэдэг. Энэ төмөр зам нь Налайх – Улаанбаатарын чиглэлийн 43 км зам. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хот руу нүүрс зөөдөг байсан олон тооны автомашиныг чөлөөлж өөр ажил руу шилжүүлэх боломжийг олгосон байдаг. Харин 70 гаруй жилийн дараа УИХ-ын шийдвэр гарч шинэ төмөр зам барих гэж байгаа нь байгаль сүйтгэн нүүрс зөөж давхилдаж байгаа автомашинуудыг хязгаарлах гэж байгаатай давхцаад байдаг юм. Наушкаас Улаанбаатар хүртэлх 400 км төмөр замыг 1947-1949 он, Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх 700 гаруй км төмөр замыг 1953-1955 онд барьж байгуулжээ. Тэгэхээр тахир тойруу, тээх нэвтрүүлэх чадварын асуудал яригдахаас аргагүй юм. Харин энэ замуудаа хугацаа алдалгүй өнөөгийн чанар стандартад хүргэж шинэчлэн сайжруулах нь чухал. “УБТЗ” ХНН энэ тал дээр их анхаарч тодорхой төсөл, хөтөлбөр боловсруулж, одоо байгаа гуравдугаар зэрэглэлийн замаа хоёрдугаар зэрэглэлд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна лээ. Шинээр баригдах төмөр замын тээх нэвтрүүлэх чадвар, галт тэрэгний хурд одоогийн стандартаар 1 зэрэглэлд багтахаар байх ба  төмөр замын салбарын техник, технологийн дэвшлийг аль болох түлхүү ашигласан байгальд ээлтэй, эко төмөр зам байна гэж бид харж байна. Техникийн зураг төсөл хийх зөвлөх компанид ч бид ийм шаардлагыг тавьж байгаа. Дэд бүтцийн салбарт элбэг тохиолддог үндсэн хөрөнгө оруулалтдаа мөнгө хэмнээд ашиглалтын зардалдаа хамаг байдгаа буцаагаад өгчихдөг нийтлэг алдааг гаргахгүй зөв балансыг олохын чухлыг ч бид ойлгож байгаа.

 -Түүхэн том үүрэг хүлээсэн “Монголын төмөр зам” компанийг удирдаж буй хүний нүдээр танай компанийн ирээдүй ямар харагдана вэ?

-Уул уурхайн салбарын хөгжлийг төмөр замгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Гэхдээ хамгийн чухал нь энэ бүхэнд нэгдсэн бодлого зохицуулалт туйлаас чухал. Бид компанийнхаа эрхэм зорилгыг “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлогч үндэсний компани байх” гэж тодорхойлсон. Бид шинэ төмөр замын суурь бүтцээ ашиглалтад оруулж тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд л энэ зорилгодоо хүрч, дараагийн зорилгоо тодорхойлж урагшилна. Харин байгууллагынхаа vision буюу алсын харааг “Дэлхийд тэргүүлэгч төмөр замын тээвэрлэгч компани байх” гэж тодорхойлсон. Энэ бол компанийн маань ирээдүй.

 -Цаг үеийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танд болон танай компанийн хамт олонд амжилт хүсье!

 

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00