Д.НЯМЛХАГВА: ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ТУРШИЛТЫН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛНА

Д.НЯМЛХАГВА: ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ТУРШИЛТЫН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛНА

Image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ерөнхий инженер Д.Нямлхагватай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр ашиг, мөн цаашдын төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

 

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн талаар тантай ярилцах юм. Монгол улс түүхэндээ анх удаа өөрсдөө төмөр замаа барьж байна. Энэ бол маш том бүтээн байгуулалтын ажил. Зүүнбаянгийн төмөр зам буюу хөндлөн төмөр замын ажлын гүйцэтгэл яг одоо ямар шатандаа явж байна вэ?

-Өмнөговь, Дорноговь аймгийн таван сум дайрсан энэ төмөр зам нь нэг өртөө, зургаан зөрлөг бүхий 463 км дэлгэмэл урттай, төмөр замын их бүтээн байгуулалт үндсэндээ дуусах шатандаа ороод байна. Их бүтээн байгуулалт гэдгийг ойлгомжтой болгох үүднээс хэдэн баримт дурдья. Хөрс хуулах, далан босгох, сэтэрхий гаргах зэрэг 25.1 сая шоо метр газар шорооны ажил, ус өнгөрүүлэх, зайлуулах 595 ширхэг дөрвөлжин, дугуй хоолой, ус хангамжийн 43 худаг, зургаан зөрлөгийн барилгын ажил бүрэн дууссан. Нэг өртөөний барилга 71.8 хувьтай, 27 байршилд баригдах нийт 2,4 км урттай гүүрийн ажил 95.74 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Эдгээрийг төмөр замын доод бүтэц гэдэг.

Харин дээд бүтцийн барилга угсралтын ажлын хувьд “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэг 195.6 км зам барихаас 169.02 км-ийг, Зэвсэгт хүчний жанжин штаб 224.6 км зам барихаас 202.8 км-ийг нийтдээ төмөр замын 371.82 км дээд бүтэц угсрагдсан гэсэн үг. Дээд бүтцийг ЗХЖШ гар-механик аргаар, харин УБТЗ механикжсан аргаар угсарч байна.Цахилгаан дамжуулах 455.5 км агаарын шугам барьж угсрах ажил 82.2 хувьтай байна. Энэ төмөр замд шаардлагатай 842.6 мянган ширхэг төмөр бетон дэрийг Монголын компаниуд 100 хувь үйлдвэрлэж дуусгалаа. 840мянган шоо метр балласт бэлтгэхээс 698.9мянган шоо метрийг бэлтгэж80хувьтай байна. Одоо дээд бүтцийн ажлынугсралт, чигжилтийнболон тохируулгын ажлууд үлдээд байна.

-Санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдсэн бол?

-УИХ-аас 2018 онд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг даалгаж, 2019 онд Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК нэг удаа хүүгүйгээр 20 жилийн хугацаатай 750,0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэсэн үнээр хаалттай хүрээнд худалдах, “Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан. Ингэж төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн юм.

-Энэ их хэмжээний зардал мөнгөний зарцуулалт хэрхэн хийгддэг нь сонирхол татаж байна?

 

-Төслийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас ЗГХЭГ-ын даргын захирамжаар Худалдан авалт хариуцсан дэд ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ ажлын хэсгийн зөвлөмж, шийдвэрийн дагуу худалдан авалтуудыг зохион байгуулж ирсэн. Уг ажлын хэсэгт Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, цагдаа, тагнуулын байгууллагын төлөөлөл гишүүдээр ажилладаг. МТЗ компани болон төслийн ерөнхий гүйцэтгэгчид болох ЗХЖШ, УБТЗ нь өөрсдийн хариуцсан чиглэл бүрээр худалдан авалтуудыг хийхдээ тухайн ажил, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг холбогдох яамд, агентлаг, мэргэжлийн холбоодоос авч, тэдгээрээс авсан үнийн санал болон холбогдох мэдээллийг дээрх ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Худалдан авалттай холбоотой энэхүү бүтэц нь МТЗ компанид зөвхөн бүтээн байгуулалтын ажилдаа л анхаарч үйл ажиллагаа явуулах боломж олгосон их зөв зохион байгуулалт болсон. Цаашид хэрэгжих төслүүдийн худалдан авалтыг ч мөн энэ адил зохион байгуулах нь зүйтэй юм болов уу гэж боддог.

 

-Төмөр замын төсөл дээр маш олон туслан гүйцэтгэгч нартай ажиллаж байгаа, тэдгээрийн мөнгийг яаж олгодог вэ. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг хүмүүс их сонирхдог?

 

-Туслан гүйцэтгэгч компаниудын мөнгийг гүйцэтгэлээр олгодог. Манай компанид өгсөн санхүүжилтийг аль болох хүртээмжтэй, нөгөө эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг жигд хуваарилах зарчим барьж ажилласан. Үүний үр дүнд туслан гүйцэтгэгч нарт олгосон санхүүжилтийн хувь хэмжээ ойролцоо байгаа. Жишээ нь газар шорооны ажлыг гүйцэтгэсэн 56 аж ахуйн нэгж байна, бүгд ижил түвшинд гүйцэтгэлээрээ  80 хувийн санхүүжилт авсан.Манай компаниуд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төмөр замын барилгын ажил бүрэн дуусаагүй байна. Аливаа барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа хуульд заасан хугацаанд зүгшрүүлэлт, тохируулалт хийдэг. Энэ хугацаанд илэрсэн доголдол, зөрчлийг холбогдох этгээдээр арилгуулдаг. Улсын хөрөнгөөр санхүүжүүлсэн барилга байгууламжид зүгшрүүлэлт, тохируулалт хийгдэх хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал хууль тогтоомжийн дагуу барьцаалдаг шүү дээ. Үүнийг бүгд л мэдэж байгаа. Хуулийн дагуу Улсын комисст хүлээлгэж өгнө. Тэгж байж бид баталгаажуулалт хийж, эцсийн байдлаар гүйцэтгэлийг олгоно.

 

-Ер нь энэ төмөр зам хэдий хэр өртөгтэй босож байгаа вэ?

 

-Анхны судалгаагаар олон улсын жишгээр тооцож, шинэ төмөр зам төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахдаа нэг км төмөр зам барих өртгийг 2,5 сая ам.доллар гэсэн тооцоолол гаргасан байдаг. Тэгвэл өнөөдөр монголчууд бид өөрсдийн дотоодын нөөц бололцоог ашиглан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нэг км-ийг 1,1 сая ам.долларт багтаан босгож байна. Үүнд түрүүн миний ярьсан худалдан авалтыг зохион байгуулсан арга, хэлбэр ч үр дүнгээ өгсөн гэж боддог. Би ярилцлагынхаа эхэнд хэлсэн дээ, төмөр замын дээд, доод бүтэцтэй гэж.

Эдгээр дэд бүтцүүд нь 10 багц ажлаас бүрддэг. Нэг км төмөр зам барих зардалд эдгээр бүх ажлын зардал багтсан гэсэн үг. Монгол Улсад 1 гол дээр 25 тонн даацын төмөр замын жишиг үнийг тогтоож чадсан гэж хувьдаа боддог.

 

-Инженерүүдээ Орост сургасан дуулдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Засгийн газрын тогтоолоор 2008 онд “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдаж 13 дахь жилдээ үйл ажиллагааг явуулж байна. Одоо манай компанид гадаад, дотоод төгссөн төмөр замын бүх мэргэжлийн инженер техникийн ажилтнууд байна. Өөрөөр хэлбэл, төмөр замын барилга, дохиолол холбоо, зүтгүүр, вагон, гүүр хиймэл байгууламж, эрчим хүч, барилгын зураг төслийн гээд бүх чиглэлийн инженер техникийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан мэргэжлийн компани. Ер нь төмөр зам барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахаас эхлүүлээд бүх шатны ажлыг манай компани бие дааж гүйцэтгэж байна. Хуучин системийн үед ЗХУ-д төмөр замын боловсон хүчин сайн бэлтгэсэн. 2007 онд Төмөр замын тээврийн тухай хууль батлагдаж, тус салбарт өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төмөр замын тээврийн бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нь төмөр замын мэргэжил эзэмших сонирхолтой залуучууд их болсон. Иймдээ ч бусад салбартай харьцуулахад төмөр зам боловсон хүчин сайтай. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт нь бидэнд маш том туршлага, сургалт болсон.

“Монголын төмөр зам” компанийн удирдлагын зүгээс анхаарч, замын зураг төслийн инженерүүдээ ОХУ-д сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурласан компьютерийн программ хангамжийн сургалтад хамруулснаар Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг инженер залуус маань богино хугацаанд маш өндөр түвшинд гүйцэтгэж, боловсруулсан.Анх хоёрхон инженер залуу зураг төслийг хийж эхэлж байсан бол одоо бүтэн зургийн баг, зориулалтын программ хангамж ашиглан ажиллаж байна. Иймээс бид “Богдхан төмөр зам” гэх мэт шинэ төслүүдийн зураг төсөл боловсруулах ажилд оролцоход бэлэн болсон гэж ойлгож болно.

 

-Төмөр замын ямар стандарт баримталж ажилладаг вэ?

 

-Монгол улсад одоогоор MNS6229:2010 “1520 мм царигтай төмөр замд ашиглах техникийн ерөнхий шаардлага” гэсэн нэг л стандартын дагуу зураг төсөл барилгын ажлууд хийгдэж байна. Энэ стандартаар бид гуравдугаар зэрэглэлийн төмөр зам барьж байна. Монгол Улсад мөрдөж байгаа норм норматив, дүрэм стандартаас хазайсан нэг ч зүйл байхгүйг баттай хэлэх байна. Төмөр замын дээд бүтцэд хүнд даацын замд хэрэглэдэг Р65 зам төмөр, дэлхий дахинд танигдсан пандрол брэндийн бэхэлгээ, ган утсан татлагатай төмөрбетон дэр хэрэглэж байна. Төмөрбетон дэрний хүндийн жин 320 кг байдаг. Нэг километрт оногдох төмөрбетон дэрний тоо 1840 байгаа зэргээр стандартад бүрэн нийцсэн гэж хэлж болно.

-Энэ төмөр зам ашиглалтад орсноор одоо байгаа төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдоно. Цаашилбал далайн боомтуудад хүрч Тавантолгойн ордын нүүрсийг хоёр хөрш болоод гуравдагч улс болох Солонгос, Японы зах зээлд гаргахаас аваад олон талын ач холбогдолтой гээд байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

 

-Тавантолгой-Зүүнбаянчиглэлийнтөмөрзамбаригдаж “УБТЗ” ХНН-ийнголзамтайхолбогдонтөмөрзамыннэгдсэнсүлжээашиглалтадорсноорМонголУлсынэдийнзасагтбодитүрөгөөжөөөгнө. Үндсэндээхөндлөнтэнхлэгийнсүлжээбосоотэнхлэгтэйгээхолбогдон УБТЗ-аарХятад, Оросоордамжин, далайнчинаддахьдэлхийнзахзээлдманайашигтмалтмалуудхүрчэкспортынхоёр, гуравдахьшинэгарцууднээгдэнэ. ЗөвхөнХятадрууэкспортлохнүүрснийэкспортынМонголыннутагдэвсгэрийндоторхтээврийнзардалтоннтутамд 16 ам.долларболж, өнөөгийнавтозамаархилхүртэлтээвэрлэжбуйзардалболох 32 ам.доллараас 16 ам.доллараарбуюухоёрдахинбуурч, угтөмөрзамаар 15 саятоннхүртэлххэмжээнийнүүрсэкспортлохболомжбүрдэхюм.

Тавантолгойдүйлажиллагааявуулжбуйуурхайнуудтээврийнзардалд 2019 онд 576 саяам.долларзарцуулсанболтөмөрзамашиглалтадорсноортээврийнзардалхоёрдахинбуурна. ИйнхүүнүүрснийтээврийнзардлыгбууруулснаардэлхийнгадаадзахзээлдбүтээгдэхүүнийөрсөлдөхчадварнэмэгдэжТавантолгойдахьуурхайнуудынолборлолт, нийлүүлэлтийнхэмжээгөнөөгийнтүвшнээсхоёрдахиннэмэгдүүлэхүндсэннөхцөлбүрдэнэ. Зөвхөн “ЭрдэнэсТавантолгой” ХК нь2019 онд 15.5 саятонннүүрсэкспортолж 2.66 ихнаядтөгрөгийнборлуулалтынорлогоолж 1.03 ихнаядтөгрөгийнцэвэрашигтайажилласан. Хэрэвугтөмөрзамбаригдвалтөмөрзамаарэкспортлохнүүрснийхэмжээхоёрдахиннэмэгдэж 5 ихнаядтөгрөгийнборлуулалтынорлого, 2 ихнаядтөгрөгийнцэвэрашигтайажиллахболомжтойболно.Top of Form

 

-Тавантолгойн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ экспортлох шинэ гарц бий болохоос гадна Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нөөц нь тогтоогдсон томоохон ордууд шинэ төмөр замын трассын дагуу байгаа нь Монголын ирээдүйд, эдийн засагт үлэмж хэмжээний гэрэл харагдаж байгаа?

 

-Тийм ээ, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын трассын дагуух 30 километрийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын нийт 37 орд газар байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаансуваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, мөн Төмөртэйн овоо зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршиж байгаа бөгөөд эдгээр орд газруудын ашигт малтмалууд 6.02 тэрбум тонны нөөцтэй гэх урьдчилсан тооцоо гарсан. Төмөр зам баригдсанаар эдгээр орд газрууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэнэ. Монголын уул уурхайн экспортод томоохон эргэлт ирэх нь мэдээж. Мянга мянган ажлын байр бий болж, бүтээн байгуулалтууд өрнөж, эдийн засгийн цусны эргэлт хэрхэн хурдсахыг тааварлахын аргагүй. Энэ бүх дүр зураг удахгүй бодитоор хэрэгжинэ. Цаашид тухайн бүс нутагт төмөр зам, авто зам хосолсон холимог тээвэр хөгжих бодит боломж бүрдэж байна. Улс орны хөгжилд стратегийн ач холбогдолтой чухал бүтээгдэхүүний нэг ган байдаг. Түүнийг гарган авдаг гол түүхий эд нь коксжих нүүрс, төмрийн хүдэр. Манайх коксжих нүүрс, төмрийн хүдрийн арвин нөөцтэй орон. Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийг Сайншандад Тавантолгойн коксжих нүүрсээр боловсруулан ган үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах, улмаар металлургийн хүнд үйлдвэрлэл хөгжих, гуравдагч орны зах зээлд экспортлох, үнийг нь өсгөж борлуулах, ийм цаг ойрхон байна.

 

-Төмөр зам дагасан бусад дэд бүтцийн өгөөж, хөдөө орон нутагт ирэх үр ашгийн талаар асуумаар байна?

 

-Төмөр зам гэдэг маань өөрөө цогц бүтээн байгуулалт. Зөвхөн зам бариад болчихдоггүй эрчим хүчний шугам, шилэн кабель, өртөө, зөрлөгийн орон сууцууд, ус хангамж, халаалтын зуух, зүтгүүр, вагон депо, засварын төв, дохиолол холбооны цогц ажил гээд бусад дэд бүтцүүд шаардагдана. Тиймдээ улс орны хөгжил, ард түмний ахуй амьдралд шууд нөлөөлдөг. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд эрчим хүчний 35 киловольтийн 455.5 км шугам тавигдаж байгаа. Энэ бол нийтдээ 2 мегаватт орчим хүчин чадалтай. Энэ шугам тавигдсанаар төмөр замын дагуух говийн алслагдмал сум, суурин газрууд цахилгаан эрчим хүчээр хангагдах боломж бүрдэнэ. Төмөр зам аюулгүй, эрсдэлгүй, найдвартай ажиллагааг шаарддаг байгууламж. Тиймийн учир манай эрчим хүчний шугам хоёр талаасаа эх үүсвэртэй. Өөрөөр хэлбэл, аль нэг талынх нь цахилгаан тасалдлаа гэхэд бие биенээсээ хамаарахгүй нөгөө талынх нь үйл ажиллагаа хэвийн байх нөхцөлтэйгээр хийгдсэн. Үүнийг эрчим хүчний найдвартай эх үүсвэр гэж үздэг. Шилэн кабелийн шугам ч ялгаагүй хоёр талын эх үүсвэртэй, орчин үеийн стандартаар тавигдсан. Төмөр замын хоёр талаар 871 км урттай шилэн кабель явж байгаа. Эдгээр бүтээн байгуулалтыг дандаа үндэсний компаниуд хийж гүйцэтгэж байна. Энэхүү их бүтээн байгуулалт зөвхөн төмөр зам гэлтгүй бусад олон аж ахуйн нэгж, үйлдвэр, компаниудыг улам хүчирхэгжүүлж, тэдэнд эдийн засгийн болоод оюуны том хөрөнгө оруулалтыг өгч байна. Өмнө нь гадны өндөр үнэ өртөгтэй инженер техникийн ажилтнуудыг зөвлөхөөр ажиллуулдаг байсан бол энэ удаад монгол инженерүүдийнхээ тархи толгой, оюун ухаанд итгэж, тэдний чадал чансааг бодитойгоор үнэллээ.

 

-Эрчим хүчний ажилд шаардагдах материал хэрэгслээ хэрхэн шийдэв?

 

-Өндөр хүчдэлийн шугамд хэрэглэдэг тулгууруудыг манайхан өөрсдөө хийгээд эхэлсэн. Энэ төсөлд шаардлагатай 2600 гаруй тулгуурыг өөрийн орны нөхцөлд хийлээ. Одоо ямар ч бүтээн байгуулалтад тулгуураа өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болчихлоо. Гаднаас гарцаагүй худалдаж авах материалаас бусад ажлуудыг үндэсний компаниуд гүйцэтгэж байна үнэхээр бүтээж чаддаг гэдгээ энэ төсөл дээр харуулсан. Манай инженерүүд орчин үеийн барилга байгууламжийн томоохон зураг төслийг өөрсдөө гардан хийсэн гэдгийг дээр хэлсэн. Үнэхээр барьж аваад хийгээд сурчихсан гэдгээ нотлон харууллаа. Аливаа мэргэжлийг сургуульд сураад эзэмших нэг хэрэг, харин дадлага туршлага хийж жинхэнэ өөрийн болгож мэргэшүүлнэ гэдэг өөр хэрэг.

Төмөр замын бүтээн байгуулалт монгол инженерүүдийг мэргэшүүлж, үнэлэмжийг нь бодитойгоор өсгөж, цаашид ямар ч бүтээн байгуулалтын зураг төслийг гаргаж чадах итгэл үнэмшил суулгаж өгснөөрөө ач холбогдолтой. Урьд өмнө ийм томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаагүй учир тусгай зөвшөөрөлтэй манай компаниудад ч хүчээ сорих боломжийг олгосон. Цаашид Сайншанд Баруун-Урт, Хөөт-Чойбалсан, Бичигтийн чиглэлд төмөр зам барихад оролцох зорилгоор манай компаниуд өндөр үнэтэй техник, тоног төхөөрөмжүүдхудалдаж авсан нь техникийн дэвшилтэт шинэчлэл болсон. Аль ч талаараа уг төсөл үр өгөөжөө өгч байна.

 

-Ингэхэд төмөр замын цогц ажил яг хэзээ дуусч, галт тэрэг явж эхлэх вэ. Уг хариултыг хүмүүс хүлээж байгаа нь мэдээж. Та бүхний бодит ажлыг хараад бахархаж байна. Ер нь энэ их бүтээн байгуулалтыг бид хийж чадахгүй байх гэх бодол төрж байсан уу. “Дарханы замаа барьж чадахгүй байж юун төмөр зам бэ” гэх хүмүүс байдаг?

 

-Бидний төлөвлөж байгаагаар ирэх зургадугаар сарын 30-нд анхны туршилтын галт тэрэг явна. Ийм л төлөвлөгөөт зорилт тавин ажиллаж байгаа. Мэдээж эхэн үедээ замаа зүгшрүүлэх, тогтворжуулах гээд туршилт, тохируулгын ажлууд хийгдэнэ. Үндсэн стандартын дагуу 100 мянган тонноос дээш ачаа явсны  дараа төмөр замыг тогтворжлоо гэж үздэг. Энэ нь явуулах галт тэрэгний тооноос хамаараад харьцангуй бага хугацаа. Бүх бүтээн байгуулалтын ажлаа цогцоор нь дуусгаад, энэ их бүтээн байгуулалтын ард нь гарч нэг амьсгаа авсны дараа итгэлтэй ярих байх. Одоогоор ажлаа дуусгаагүй учир, төлөвлөсөн цагтаа дуусгахын төлөө зүтгэж байна. 25 сая шоо метр газар шорооны ажлыг ганцхан жилийн хугацаанд бүрэн хийж дуусгасан. Ажлыг зөв төлөвлөж, сайн зохион байгуулвал ямар ч том ажлыг хугацаандаа гүйцэтгэж болдгийг харуулсан. Энэ төсөлд 6000 орчим хүн, 3000 орчим техник хэрэгсэл, 100 орчим туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж оролцон хүчин зүтгэж байна. Монголчууд төмөр замын том хэмжээний гүүр барьж чадахгүй гэсэн ойлголт манайханд байсан. Гэтэл сая нийт 2.4 км урттай 27 гүүрэн байгууламжийг үндэсний компаниуд нэг жилийн дотор барьж чадсан. Энэ нь манай улсын хувьд маш том амжилт болсон. Үндсэндээ төмөр замын төслийн хүрээнд зураг төслийг нь өөрсдөө гаргаад барьсан томоохон гүүрүүд бол Монголын түүхэнд анх удаагаа баригдсан.

 

-Монголд анх удаа, тэр тусмаа ийм богино хугацаанд төмөр замаа босгож чадахад хамгийн чухал нь юу байв?

 

-Бидэнд хүндрэл бэрхшээл байсан уу гэвэл байсан. Эхнээсээ авахуулаад л бэрхшээлтэй нүүр тулсан. Говийн хөрсний онцлогоос хамаарч хөрс хуулалтын ажлыг хийх, дүүргэлтийн буюу далангийн материалын олдоц ховор гэх мэт эхнээсээ авахуулаад л бэрхшээлтэй нүүр тулсан. Гэвч манай инженерүүд шантралгүй тухай бүрд нь зөв шийдэл, шийдвэрүүд гаргаж, стандарт, техникийн шаардлагад нийцүүлэн бүтээн байгуулалтын ажлаа хийж ирсэн.

     Төмөр замын салбарыг хагас цэргийн зохион байгуулалттай гэдэг. Бидний хувьд төр засгаас нэгэнт шийдвэр гаргаад, үүнийг барь гэсэн даалгавар ирсэн бол тушаалыг хэлэлцдэггүй гэж ярьдаг. Төлөвлөгөөг гүйцэтгэхийн төлөө бид явсан. Эдийн засаг, инженерийнхээ тооцоо судалгаан дээр үндэслээд, энэ замыг ямар ч байсан барьж дуусгана гэх хатуу зорилготой ажилласан. Үүнийхээ хүчинд өнөөдөр бид зургадугаар сарын 30 гэхэд төмөр замаа дуусгаад эхний галт тэргээ аялуулна гэсэн итгэлтэй байгаа. Одоо ингээд баригдсаны дараа нэг их амархан барьчихсан юм шиг, бараг л гадныхан хийгээд өгчихсөн юм шиг хүмүүст санагдаж магадгүй л дээ. 2019 оны тавдугаар сарын 24-нд нээлтээ хийхээр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт машин байтугай зам ч байхгүй, мал хуй, айл хүн байхгүй, хулан, зээр, шувуунаас өөр амьтангүй эзгүй говьд яаж төмөр зам барих юм бэ, үнэхээр бид чадах уу гэсэн эргэлзээ ч төрж байсан. Харин нэг жилийн дараа хийсэн бүтээснээ хараад итгэл үнэмшил, урам зориг төрсөн.

     Анх ирээд нээлт хийж байсан эзгүй говьд далан босоод л, гүүрнүүд баригдаад, хоолойнууд хийгдээд эхэлсэн. Хүмүүст зурагтаар харуулах нэг хэрэг, нүдээр үзүүлбэл итгэл төрөх байх гэж бодоод ийм бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна гээд орон нутгуудтай хамтран танилцах аяллыг зохион байгуулж үзүүлсэн, нүдээр харсан хүнд үнэндээ бахархал төрдөг юм билээ. Анх удаа өөрсдөө гардан гүйцэтгэж байгаа учир амаргүй байсан нь мэдээж. Хэдийгээр бид бүхэн онолыг нь заалгаад мэргэжлийг нь эзэмшээд сургуульд номыг нь үзсэн боловч яг практик дээр нүүр тулахаар хүндрэлтэй байсан. Богино хугацаанд амжуулахын тулд ажлын эрэмбэ дарааллыг тогтоож өгөх нь чухал байв. Хоорондын уялдаа холбоог нь алдагдуулахгүй, нэг ажил дуусахад залгуулаад нөгөө ажил нь эхлэх ёстой гэсэн бүх дарааллыг сайтар баримталсан. Энэ бүхэнд төслийг хэрэгжүүлэгч, захиалагчийн хувьд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үүрэг, хариуцлага өндөр байсан.

Дашрамд хэлэхэд монгол улсын хамгийн сахилга хариуцлага өндөртэй хоёр байгууллага манай ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан нь энэ бүтээн байгуулалт амжилттай хэрэгжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна.

 

-За ингээд ярилцлагын төгсгөлд “Монголын төмөр зам” компанийн хэтийн төлөвлөгөөг сонирхоё?

 

-Бид Тавантолгой-Зүүнбаян чиглэлд барих төмөр замын барилгын ажлыг удирдан зохион байгуулж ажиллалаа. Энэ маань монголчууд бие даан төмөр зам барьсан анхных гэдгийг үгийн эхэнд хэлсэн. Манай компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь төмрийн хүдрийн уурхайг түшиглэсэн Төмөртэйн төмөр замтай, Замын-Үүд сум дахь Бүс нутгийн логистик төвтэй, өөрийн эзэмшлийн зүтгүүр вагонтой Төрийн өмчит хувьцаат компани билээ. “Зүүнбаянгийн төмөр зам”, “Тавантолгойн төмөр зам” зэрэг Эрдэнэс Тавантолгой ХХК-тай хувь эзэмшсэн хамтарсан компаниудыг байгуулсан. Төмөр замын сүлжээний урт, техникийн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг хоёр хөрш маань төмөр замын үндэсний нэг л компанитай үйл ажиллагаа явуулдаг. Хэтдээ Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын нэгдмэл бодлогыг зангиддаг үндэсний компани болох зорилготой. Энэ ч утгаараа, мөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам барих явцад хуримтлуулсан туршлага, техник тоног төхөөрөмж нөөц, мэргэжлийн боловсон хүчнийхээ ур чадварт тулгуурлаад Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан төмөр замуудыг барина гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Ярилцсан Н.Гантулга

  • 2021-03-18 09:27:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо
    2021-09-15 16:25:00
    Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”
    2021-09-06 14:07:00
    БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2021-08-23 16:57:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР О.БАТНАСАН ТОМИЛОГДЛОО
    2021-08-17 15:06:00
    "ДОРНО-ӨРНИЙГ ХОЛБОХ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" БАРИМТАТ КИНО
    2021-08-12 16:05:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-08-02 00:00:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-07-27 13:47:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
    2021-05-27 09:45:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00