Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд

Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд

Image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн газарт ажиллаж буй 6000 орчим хүний ихэнх хувийг 30 хүртэлх насны залуус эзэлж байна. Эдгээр инженер техникийн ажилтантай мөр зэрэгцэн ажиллаж буй бүсгүйчүүд болох Материалын инженер Д.Цогжаргал, Ж.Нарантуяа нартай төмөр замын төслийн талбайд ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө материалын инженер гэж яг ямар ажил үүрэг гүйцэтгэдгийг тайлбарлаж өгнө үү. Бас тэр болгон сонсогдоод байдаггүй, ховор мэргэжил бололтой?

Д.Цогжаргал: Бидний ажиллаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд барилгын инженер, гүүр хоолойн хийцийн инженерүүд голцуу байна. Харин материалын инженер хоёр л байгаа нь бид хоёр юм. Төмөр замын гүүр, хоолой хэр чанартай байх нь бетоноос шалтгаална. Материалын инженерүүд тухайн зүйлийг чанартай болгох зорилготой. Тиймээс бид хоёр гүүр, хоолойг хийж буй бетонд хяналт тавин ажилладаг юм. Түүхий эд ирээд зуурмагт очно, зуурна, буцаад талбай дээрээ очиж цутгаад нягтруулна. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн буюу гүүр, хоолой болсны дараа арчилгаа хийнэ. Үүнийг л бид хариуцдаг. Бидний ажил маш чухал. Бусад инженерүүд, туслан гүйцэтгэгч компанийнхан мундаг ч гэлээ энэ тал дээр мэдэгдэхүүн байхгүй. Тиймээс бид цутгалт хийхээс өмнө нь энэ дэр ийм асуудал гардаг учраас үүнийг анхаараарай гээд зөвлөгөө өгнө. Цутгаж байх үед өөрсдөө хажууд нь байж, бэлэн бүтээгдэхүүн болсны дараах асуудал гаргахгүй байх үүднээс мөн зөвлөдөг.

Ж.Нарантуяа: Бидний хувьд эгзэгтэй цэгүүдийг олж харах чухал байдаг. Хянах лаборатори ажиллаж байгаа боловч бид харж, алдаа үүсч болзошгүй цэгүүдийг олж хяналт тавина. Хэрвээ алдаа үүсэхээр бол зөвлөгөө өгч, сайжруулдаг юм.

-Алдаагүй эцсийн бүтээгдэхүүн буюу чанарын шаардлага хангасан гүүр, хоолойг хийхийн тулд хянаж ажилладаг гэж ойлголоо. Хэрвээ алдаа гарлаа гэхэд энэ бүтээн байгуулалтад ямар эрсдэл үүсэх вэ?

Ж.Нарантуяа: Эдэлгээний чанарт нөлөөлнө. Гүүр, хоолой амархан нурах эрсдэлтэй. Мөн олон жилийн насжилтгүй бүтээгдэхүүн гарна. Тиймээс шаардлагын дагуу хийх хэрэгтэй л дээ.

-Энэхүү бүтээн байгуулалтад гүүр, хоолой хамгийн чухал болоод байна. Зундаа 2-4 удаагийн давтамжтай үер орж ирдэг гэсэн. Хэрвээ гүүр, хоолойгүй бол даланг сэтэлж, төмөр замын бүрэн бүтэн байдал алдагдах эрсдэлтэй юм байна?

Ж.Нарантуяа: Нийт 414.6 км замын дагуу бетон зуурмагийн 17 узель дээр орж байгаа түүхий эд материал буюу хайрга, элс, цементийг хянасны үндсэн дээр энэ узель ийм чанарын бетон гаргаж чадна гэдгийг туршилтаар баталгаажуулаад үйлдвэрлэлд оруулдаг. Гүүр, хоолойг хийхэд бетон болон арматурын чанар сайн байх ёстой юм. Говийн нөхцөлд бетоныг илүү арчлах шаардлагатай.

Д.Цогжаргал: Анх говьд ирээд ажиллахад хэцүү санагддаг байсан. Одоо бол байгаа нөхцөл байдалдаа уялдуулаад бетон зуурмаг, цутгалтын ажлыг хянаад явж байна. Гол нь хичнээн сайн бетон байсан арчилгаа хийхгүй бол амархан муудна. Бетоныг яг л хүүхэд шиг тордоод, услаад байх тусам чанартай болдог. Бидний эцсийн зорилго бол эдэлгээний чанар. Бетон хамгийн багадаа 50, ихдээ 100 жилийн насжилттай. Хүмүүс тэрийг эхэндээ ойлгодоггүй. Харин 50 жилийн дараа энэ гүүр их удаж байгаа шүү, чанартай шүү гэдэг.

-Гүүр, хоолойг хийсэн үед ямар чанартай вэ гэдэг нь мэдэгдэхгүй мөртлөө олон жилийн дараа мэдэгддэг гэсэн үг үү?

Д.Цогжаргал: Тийм. Бид хүнсний дэлгүүр юм уу гуанзад ороод юм худалдаж авахад чанар шууд мэдэгдэнэ. Харин бетоноор хийж буй бүтээн байгуулалт эхэндээ мэдэгддэггүй. Гүүр, хоолойны цутгалт, арчилгаа нь зөв хийгдсэн бол эдэлгээний чанар маш сайн байна. Хэрвээ муу бол 10-20 жил болоод л муудна.

Ж.Нарантуяа: Бетоны чанарыг шалгахдаа бид 414.6 км зам дагуу байрлах 17 узелээр нэг бүрчлэн орж шалгадаг. Бидэнд зүгээр зогсох боломж олддоггүй. Говийн нөхцөлд ямар ч амралтын өдөр, ажлын тогтсон цаг гэж байхгүй. Энэ бүтээн байгуулалтыг чанартай хийхийн төлөө л цаг наргүй зүтгэж байна.

Д.Цогжаргал: Тийм шүү. Байнга ажиллаж байгаад нэг өдөр амрахаар уйддаг. Замынхаа дагуу явж, ажлаа хийхгүй л бол утгагүй санагддаг. Говийн нөхцөлд цаг уурын онцлог нь хамгийн хэцүү. Ихэвчлэн сэрүү орсон цагаар буюу орой, шөнийн цагаар бетоноо авдаг. Тэгээд л дандаа шөнийн цагаар явна. Ингэлээ гээд бид нар шөнөөр ажиллалаа гэж хэзээ ч гомдоллохгүй.

-Нийт 414.6 км замын дагуу байрлах 17 узелийг нэг бүрчлэн шалгаж, хянадаг гэлээ. Та хоёр ямар хуваарьтай ажилладаг вэ?

Д.Цогжаргал: Бид хоёр хуваагаад авчихсан.

Ж.НарантуяаТийм ээ. 200 200 км-ээр хувааж авсан. Хамгийн сүүлийн гүүрийн ажил 402 км-т баригдаж байгаа.

-Тэгвэл та хоёрын уулзах цэг нь одоо бидний байрлаж байгаа 210 дугаар цэг юм байна. Тийм үү?

Д.Цогжаргал: Тийм ээ. Бид хоёр явж явж ирээд л энд ирж нэг амарч, уулзалддаг юм.

-Та хоёр уулзаад туршлага солилцдог уу?

Д.Цогжаргал: Тэгэлгүй яахав. Гэхдээ бид хоёр байнга нэгэнтэйгээ утсаар холбоотой байдаг юм. Ийм асуудал гарлаа, танайх яаж шийдсэн бэ гээд л яриад явна шүү дээ.

-Энэ бүтээн байгуулалтыг хийж байгаа хүмүүс өдөржин наранд ажилладаг юм байна лээ. Өмнө нь говьд ажиллаж байсан уу. Ямархуу байна?

Ж.Нарантуяа: Анх ирэхдээ л халуун гэдгийг тооцоолсон. /инээв/ Гэхдээ ажлаа хийгээд явахаар мартчихдаг юм. Сатаарах юм ихтэй. Заримдаа бүр халууцсанаа ч мэдэхгүй, хөлс урсчихсан л зогсож байдаг.

Д.Цогжаргал: Хэдийгээр халуун наранд ажиллаж байгаа ч монголынхоо томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа гээд нэг их тоодоггүй. Өмнө нь би говьд удаан хугацаагаар ирж байгаагүй. Зүгээр өөрийгөө бодоод энэ ажил цаг наргүй, халуун гээд орхиж болно. Бид хоёрын нүүр царай хүртэл эмэгтэй хүний нүүр гэхээргүй аймар болчихсон. Тэгсэн мөртлөө бид хоёр ямар ч эр хүнээс дутахгүй ажилладаг. Та хоёр эмэгтэй шүү, та хоёр жаахан амарчих гэсэн хөнгөлөлт байхгүй. Инженер бол инженер, ажил бол ажил.

Ж.Нарантуяа: Бүтээж байгаа зүйлээрээ их бахархдаг. Бахархаж байгаа тэр сэтгэл минь элдэв асуудлаа дараад явчихдаг юм. Монголчууд бид эх орондоо ийм том бүтээн байгуулалтыг хийж байна, бидний нүдэн дээр өндөр болж, гүүрүүд босч байна. Үүнийг хараад үнэхээр бахархдаг.

Д.Цогжаргал: Энэ төсөл дээр алдаа, оноо зөндөө л гарч байгаа. Нэг асуудал гарахад багаараа ярилцаж шийддэг. “Монголын төмөр зам” гэдэг хамт олон бол маш хүчтэй, жинхэнэ баг шиг ажилладаг юм.

Ж.Нарантуяа: Тийм шүү. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженерүүдийн гол ажил нь гаргалгаа олох. Энэ ажлыг яаж чанар сайтай, хурдтай үргэлжлүүлэх вэ гэдэгт их анхаардаг. Хамгийн зохистой утга гэдэг шиг хамгийн оновчтой хувилбарыг олж авна. 

-Энэхүү бүтээн байгуулалт өнгөрсөн жилийн тавдугаар сард эхэлсэн. Энэ ондоо ашиглалтад орно гэж байгаа?

Д.Цогжаргал: Бид ногдсон ажлаа л бүгд цаг хугацаандаа хариуцлагатайгаар хийдэг. Энэ нь бас энэ бүтээн байгуулалтыг чанартай, хурдан хийхэд нөлөөлж байгаа байх.

Ж.Нарантуяа: Энд ажиллаж байгаа 6200 гаруй хүн нэгэн сэтгэлээр зүтгэж байгаа учраас урагштай байна. Монголчууд дангаараа ийм том төсөл хийж байна. Цаашдаа чадах ч болно. Монголынхоо ашигт малтмалын том том ордтой газраараа төмөр замтай болно гэдгээр их бахархаж байна. Үр хүүхэд минь энэ ээжийн минь хийж байсан төсөл Монгол Улсыг хүчирхэг болгоход нөлөөлсөн шүү гээд бахархаад сууж байгаасай.

-Ярилцсанд баярлалаа.

  • 2020-09-08 09:01:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн далан үерт автаагүй
    2020-08-17 09:58:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00