О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй

О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй

Image

          Монголын төмөр зам ТӨХК-ийн замын инженер О.Цацралтай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар ярилцлаа. Тэрээр үндэсний бүтээн байгуулалтад гар бие оролцон, байгалийн ширүүн нөхцөлд олон залуусыг удирдан ажиллаж буй салбартаа тэргүүлэгч боловсон хүчин юм.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд та ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ. Таны хариуцсан хэсгийн ажил хэр ахицтай байгаагаас ярилцлагаа эхэлье?

-Манай хэсэг нийт 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын 37.5 километрийг хариуцан ажиллаж байна. Манай хэсэгт 28 ус зайлуулах хоолой, 7 гүүр бий. Одоогийн байдлаар төмөр замын далан болон ус зайлуулах хоолойн ажил 100 хувь дууссан. Ерөнхийдөө гүүрийн ажил үлдсэн, үргэлжилж байна.

-Та энэхүү том бүтээн байгуулалтад оролцож, түүхийн нэг хэсэг болж байгаа өөрийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Би ОХУ-ын Эрхүү хотод Төмөр замын инженер мэргэжлээр 2011 онд төгссөн. Сургуулиа төгссөн цагаасаа л төмөр замын том төсөл дээр ажиллахыг мөрөөддөг байсан. Төгссөнийхөө дараа гурван жил УБТЗ-д замчин, дахиад гурван жил автозамын салбарт ажилласан.  

Манай улс өмнө нь төмөр замын бүтээн байгуулалт хийж байгаагүй. Үндсэндээ байгаа төмөр замаа захаас нь янзлаад, тойроод явдаг. Би хувьдаа шинээр байгуулж нүдэн дээр үр дүн нь харагдах бүтээн байгуулалт дээр ажиллах сонирхолтой хүн. Тиймээс ч автозамын салбар руу орж байсан удаатай. Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол Монгол Улсад урд өмнө нь хийж байгаагүй анхны том хэмжээний бүтээн байгуулалт гэдэг утгаараа миний хувьд оролцоод явж байгаа нь нэр төрийн хэрэг төдийгүй, мөрөөдөл маань биелсэн гэсэн үг юм.

-Бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа төдийгүй Монгол Улсын иргэн хүний хувьд та том зургаар энэхүү шинэ төмөр замыг хэрхэн хардаг вэ?

-Эдийн засгийн үр өгөөжийг хүн бүр ярьж байгаа. Манай улс Замын-Үүд-Сүхбаатар чиглэлийн ганцхан төмөр замтай. Одоо нэмээд шинэ төмөр замын сүлжээтэй болж байна. Дорноговь, Өмнөговь, ер нь говийн бүс, цаашид газрын баялгаа түшиглэн уул уурхайн бүс нутаг болж хөгжих нь тодорхой. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу хэд хэдэн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, томоохон уурхайнууд болон хайгуулын ордууд байдаг. Тиймээс энэхүү бүтээн байгуулалт нь манай улсын уул уурхайн хөгжилтэй шууд холбоотой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Бид “хөгжлийн сав”-аа бэлдэж байна.

Мөн зам дагаж хөгжил гэж үг бий. Тэгэхээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг дагаад шинэ суурьшлын бүс, суурин газрууд байгуулагдаж, шинэ ажлын байрууд бий болох нь эргэлзээгүй.

-Монголчууд бид цэргийн хүнийг ихэд хүндэлдэг ард түмэн. Харин яг ажлын талбар дээр цэргийн том цолтой хүмүүсийг чиглүүлж ажиллана гэдэг таны хувьд цоо шинэ сорилт болсон байх. Нуулгүй хэлээч, цэргийн том дарга нар залуу эмэгтэйн үгэнд ороод, удирдлагад нь ажиллана гэдэг надад лав нэг л бууж өгөхгүй байна?

-Цэргүүдийн хувьд бол эмэгтэй хүн гээд намайг үл тоох хандлага огт гаргадаггүй. Мэдээж миний хувьд цэргийн цолыг, цэрэг эрсийг хүндэлдэг хүн. Анхандаа бол цэргийн том хурандаа, генерал хүмүүсээс сүрддэг юм билээ. Гэхдээ ажил, мэргэжлийн гэдэг үүднээсээ болохгүй байгаа зүйлийг тухай бүрд нь хэлж ярих ёстой. Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага дор туслан гүйцэтгэгч найман компани бий. ЗХЖШ-аас манай хэсгийг шуурхай удирдлагын дугаар бүлгийн хурандаа Адъяабазар хариуцан ажилладаг. Бид хоёр маш сайн хамтарч ажиллаж чаддаг. Адъяабазар хурандаа надтай бараг эрэгтэй инженерүүдээс илүүтэй ойлголцож, нэг баг болж ажилладаг. Бид хоёр болохгүй байгаа асуудлуудаа шулуухан ярилцаад шийдчихдэг. Би сургуулиа төгсөөд шууд замчнаар хуваарилагдаж нүүрс ачиж буулгахаас эхлээд, газар шороо ухах гээд хар бор бүх ажлыг хийж үзсэн. Бүхнийг доороос нь эхэлсэн хүний хувьд бусдыг удирдаж ажиллуулахдаа юу гэж зөвлөхөө мэднэ шүү дээ. Тэрнээс өөрөө огт хийж үзээгүй байж доороо ажиллаж байгаа хүмүүсээ ингэ, тэг гээд байх утгагүй. Мэдээж зарим үед намайг нэг муу жоохон охин ирчхээд загнаад байна гэх үе байсан. Тэр үед нь бол та нар хүний хийж чадахгүй юмыг хийгээгүй шүү гэдгийг харуулахын тулд өөрөө хүрзээ бариад ажил руу ордог. Үндсэндээ би шаардаад байгаа ажлаа өөрөө хийж чадна гэдгээ харуулж байна шүү дээ.

Дашрамд дурдахад, манай залуус ажил олдохгүй байна гэж их ярьдаг. Үнэндээ бол биед нь амар, тухтай ажил л олдохгүй байгаа хэрэг. Яс юман дээрээ зарим нь ажил дээр ирээд шаардлага хангаж чаддаггүй. Хэд хоноод шантраад явчихдаг. Тэр бүхнийг шантралгүй давж, доороос нь бүхнийг хийгээд ирсэн хүн учир хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэлийг нь олж авдаг.  

  -Төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаад явж байхад анхаарал татсан зүйл бол бүтээн байгуулалтад оролцож буй нийт хүмүүсийн бараг 99 хувь нь дан залуучууд байна. Миний хувьд өмнө төсөөлж байснаасаа тэс өөр буюу бүтээн байгуулалт маш хурдтай, амжилттай явж байгааг харлаа. Мэдээж олон залуусын эрч хүч үүнд нөлөөлж байгаа болов уу. Таны хувьд бүтээн байгуулалт ийм ахицтай явж байгааг өөр юутай холбон тайлбарлах вэ?

-Зуун хувь дотоодын хөрөнгө оруулалтаар монгол компаниуд, монгол инженерүүд, монгол залуус ажиллаж байгаа гэдэг утгаараа үндэсний бүтээн байгуулалт. Миний харж байгаагаар энэ төсөлд дан ганц төмөр замын инженер гэлтгүй автозам, гүүр, хоолой, эрчим хүч гээд бусад чиглэлээр дөнгөж сургуулиа төгссөн залуу инженерүүд оролцож, ажил мэргэжлийн хувьд  өөрсдийгөө харуулах том боломж болсон. Ер нь Монголд ийм олон тооны инженерүүдийг нэг доор цуглуулж ажиллуулж байсан өөр тохиолдол байхгүй юм билээ. Тэгэхээр манай залуус олдсон боломжоо хэр сайн ашиглаж байгаа нь харагдаж байгаа болов уу. 

Ажил хурдтай явж байгаа тухайд ЗХЖШ-ыг дурдахгүй өнгөрч болохгүй. Цэргийн зохион байгуулалт энэхүү бүтээн байгуулалтыг нарийн дэг журам, нягт зохион байгуулалттай болгосон. Жишээ нь, цаг барихаас эхлээд, ажлын гүйцэтгэл дээр хүртэл давуу байдлууд бий болж байгаа.

Говь бол байгалийн хатуу ширүүн нөхцөл. Ялангуяа хаврын улирал бол хамгийн хүнд. Байнга шахуу элсэн шуурга болно. Зун маш халуун. Арай гэж 10 минут бороо ороход тэр нь хатсан хөрсөндөө шингэхгүй шууд урсаад замдаа таарсан болгоноо хамаад үер болоод явчихдаг. Борооны дараа ажил хийж байгаа хүмүүст машинаар байтугай явган явахад ч хэцүү. Бусад үед байнга халуун нар шарна. Энэ бүхнийг үл ажран манай компаниуд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Энэ бүх бэрхшээлийг үл тоон зөвхөн эх оронч сэтгэлээр хандаж байгаа нь ажил сайн яваа гол давуу тал болов гэж боддог.

Би өмнө нь цахим орчноос хүмүүс бидний ажлыг овоолсон шороо гэх мэтээр янз бүрийн сөрөг сэтгэгдэл илэрхийлсэн байгааг харж байсан. Гэхдээ нүдээр хараагүй хүн бол манай залуусын хүч хөдөлмөрийг ойлгохгүй нь мэдээж. Жишээ нь, манайд ажиллахаар ирсэн нэг жолооч ах анх яг л тийм ойлголттой байсан. Өөрөө дунд нь ороод, ажиллаад үзэхээрээ шороог зүгээр нэг овоолоод тавьчихдаггүй юм байна. Шороо овоолохын тулд нарийн технологийн горим, стандарт шаардлагатай. Тохирсон хөрс хэрэгтэй. Тэрийг нягтруулна, усална, дахиад нягтруулна, арчилгаа хийнэ. Ингэхийн тулд ямар их техник, хүн хүч шаарддаг. Тэр болгонд ямар их цаг, зардал гардаг гэдгийг хараад ойлгодог.      

      

-Мэдэхгүй хүн бол ерөнхийдөө “HOWO”-гоор шороо зөөж асгаад, ковшоор овоолоод байдаг гэж төсөөлдөг юм билээ. Нэг хүн бүр цэргүүдээр шороо хүрздүүлсээр байгаад далан босгосон гэж ойлгосон байна лээ. Та шороо овоолох технологийн талаар товч ойлголт өгөхгүй юу?

-Үнэндээ овоолсон шороо биш төмөр замын далан юм. Сүүлд шороо овоолохоосоо залхуураад газар нүхлээд байна гэх шүүмжлэл харсан. Тэгэхээр төмөр зам аль болох тэгшхэн байх ёстой. Тиймээс хамгийн анх геодезийн судалгаа хийгддэг. Газраа хэмжинэ, хөрсөө судална. Тэгэхээр газрын хотгор, гүдгэрээс хамаараад хаана хэр өндөр, нам далан, хаана өндөрлөг сэтлэх вэ гэдэг төлөвлөлт хийгдэнэ. Мэдээж шууд байгаа газар дээр нь далан босгохгүй. Дор хаяж 10 сантиметр хөрс хуулна, дараа нь нягтруулна. Нягт бол 95 хувь хүртэл байх ёстой. Тэр стандартыг хяналтын баг, гүйцэтгэгч компаниуд шалгана. Зөвшөөрөгдсөн тохиолдолд дараагийн үеэ авна. Төмөр замын далангийн хувьд нэг үе нь 30 сантиметр хүртэл өндөр явна. Далангийн үе авсны дараа байгалийн өөрийнх нь чийг гэж байгаа. Дээрээс нь нягтруулахын тулд усалгаа хийнэ. Говийн нөхцөлд бол усны хүндрэл тулгарна. 

Дашрамд хэлэхэд, Монголын төмөр зам компани төмөр замын трассын дагуу бүх туслан гүйцэтгэгч компаниуддаа худаг гаргаж өгсөн байгаа. Далангаа усалсны дараа индүүднэ. Индүүднэ гэхээр зүгээр илээд явахгүй. Далангийн материалаас хамаараад хэрхэн индүүдэх вэ гэдэг нь янз бүр. Даланд хаа таарсан материал ашиглаж болохгүй. Хэчнээн стандарт, горимын дагуу хийсэн ч муу материалаар босгосон далан үер болоход урсаад явчихна. Говийн хувьд материалын чанар тааруу, олдоц муу байх нь элбэг. Тиймээс зарим компани холоос материалаа татах хэрэг гардаг. Далангийн үе бүхэнд энэ процесс үргэлжилнэ. Мөн үе болгон өөрийн гэсэн төвшинтэй. Тиймээс тэр төвшин хангагдаж байгаа эсэхийг хэмжилтийн мэргэжилтнүүд байнга хянана. Гэх мэтчилэн төмөр замын далан бий болдог. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажил 100 хувь дууссан. Одоогоор байгалийн нөхөн сэргээлтийн ажил манай хэсэг дээр л гэхэд 90 хувьтай үргэлжилж байна.

-Ямар нэгэн том зүйлийг хийж дууссаны дараа эргээд харахаар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Та мэргэжлийнхээ юугаар хамгийн их бахархаж, юунд нь дурладаг вэ. Та энэ бүтээн байгуулалтаас ямар дурсамжтай үлдэх бол гэдэг асуултаар ярилцлагаа өндөрлүүлье?

-Төмөр замд бол “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй. Адилхан л дэр модоо солиод, газар шорооны ажил хийгээд явдаг. Хамгийн анх бол эрэгтэй хүмүүсийн чадаж байгаа зүйлийг тэднээс огт дутахгүй чадаж байгаагаараа маш их бахархсан. Дараа нь бол нүдэн дээр харагдах бүтээн байгуулалтад гар бие оролцож, ирээдүйд ямар нэг агуу зүйлийн эхлэх болох бүтээн байгуулалтын нэг хэсэг болдог гэдэгтээ дуртай. Ялангуяа энэхүү бүтээн байгуулалт бол 50 жилд хийгдсэн анхны том бүтээн байгуулалт бөгөөд энэ түүхийг хамт бүтээлцэж байгаа гэдгээрээ өөрөөрөө маш их бахархдаг.

Би ирээдүйд “дэлхий даяар “COVID-19” цар тахал гарч, улс орон бүр эдийн засгийн хямралтай нүүр тулж байх үед Монгол Улс зөвхөн өөрийн хүчээр энэ төмөр замыг бүтээн байгуулж чадсан шүү. Олон монгол залуус хүнд үед бүтээн байгуулалтыг зогсолтгүй үргэлжлүүлж, гол нь өөрсдийгөө хэн бэ гэдгээ харуулж чадсан. Олон монгол компани хүнд хэцүү үед ажилтай, орлоготой байж, ажилчдын маань гэр бүлдээ гал алдаагүй шүү” гэх сайхан дурсамжтай үлдэхийг хүсэж байна. Мөн энэ бүтээн байгуулалт анх эхлэхэд монголчууд чадахгүй, монголчууд төмөр зам барина гэж юу байх вэ гэх хандлага нэлээд ажиглагдаж байсан. Хамгийн гол нь манай залуус энэ хандлагыг өөрчилж, нэг баг болж, нэг зүгт харж, нэг зорилгын төлөө явж чаддаг гэдгээ харуулж, хойч үед итгэх итгэлийг төрүүлж байгаа нь сайн хэрэг.   

-Ярилцсанд баярлалаа.

  • 2020-07-28 14:55:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00
    Р.Батсүх: Зуны хүчтэй бороо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын чанарыг сайн шалгасан
    2020-07-22 10:56:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-07-17 14:36:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн газар шорооны ажил 91.40 хувьтай үргэлжилж байна
    2020-07-17 10:22:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-10 08:58:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00