Хөгжлийн зүтгүүр хөврөх зам

Хөгжлийн зүтгүүр хөврөх зам

Image

Вагон кэмпийн дэргэд зассан модон ширээн дээр арав орчим настай хүү гар утасны дэлгэц ширтэн сууна. Тэрбээр дуртай киногоо үзээд орчин тойрныг үл ажран төвлөрчээ. Жаал хүү “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилладаг аав, ээж нь Зүүнбаян өртөөнд ямар бүтээн байгуулалт хийхээр гэр бүлээрээ ирсний учрыг ойлгож байгаа болов уу. Бяцхан хүүгийн балчир ухаан утга учрыг нь ойлгоогүй яваа нь дамжиггүй. Тоглохоос өөрийг мэддэггүй хүүхэд нас шүү дээ. Түүний аав, ээж нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын дээд бүтцийг тавихаар Дорноговь аймгийн Зүүнбаянд явуулын вагон кэмпээр нүүдэллэн ирсэн.


Тус төмөр замын бүтээн байгуулалтын захиалагч нь “Монголын төмөр зам” компани. Ерөнхий гүйцэтгэгч нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг. Ерөнхий гүйцэтгэгч ажилчдаа 20 гаруй вагон тохижуулан амьдруулж байна. Амьдрах вагонуудаас гадна эмнэлэг, клуб, цайны газар, оффис, халуун усных бас угсраастай. Вагонуудыг дүүжин тааз, вакум цонх, неон гэрлээр “тоноглож” цэвэр цэмцгэр орчин бүрдүүлсэн байлаа. Утсаа “ухаангүй” ширтэх хүүгийн цаахан залуус сагсан бөмбөг тоглоно. Төмөр замчин залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэг талбар тэр.

Вагон кэмпийн зүүн урд талд бетон дэрэнд бэхэлсэн зам төмрийг гурван метр орчим өндөр хураасан нь олон давхар байшин мэт харагдана. “Улаанбаатар төмөр зам”-ын Үе угсрах баазынхан зам дээр дэвсэх бетон дэрэндээ зам төмрөө бэхлэн хураасан нь энэ. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт хийх нөөцөө нэлээд бүрдүүлсэн гэсэн үг. 25 метр зам төмрийн дор 46 ширхэг бетон дэр бэхэлдэг юм байна. Бетон дэрийг үндэсний үйлдвэрлэгч “Улаанбаатар БҮК”, “Ган хийц” компани нийлүүлж байгаа гэнэ. Харин зам төмөр, бэхэлгээг нь гадаадаас авч буйг төмөр замчид дуулгав. Одоогоор Үе угсрах баазынхан өдөрт нэг км зам төмрийг бетон дэртэй нь бэхэлж байгаа аж.

Вагон кэмпийн зүүн хойд талын хоёр давхар тоосгон байшин дотроос цахилгаан багжаар ямар нэгэн зүйл зүсэх, алхаар цохих чимээ гарна. “Улаанбаатар төмөр зам”-ынхан өртөөний барилгаа сэргээн засварлаж буй нь энэ. Социализмын үед Зүүнбаянд төрийн бодлогоор 30 мянган цэрэг төвлөрүүлж байсан гэдэг. “Гунигийн дуу аялсан гучин мянган цэрэгтэй” гэж гоочлуулж явсан Зүүнбаянгийн цэргийн ангиудыг чөлөөт зах зээлийн нийгэмд шилжингүүт татан буулгаснаар хүн зон, ачаа тээврийн хөл хөдөлгөөн бараг бүрэн зогссон. Ингэснээр өртөөний барилга ашиглалтгүй, навсайн хоцорчээ. Эрдэс түүхий эдийн экспортын тээвэр хийх бүтээн байгуулалтын “дуулиан”-д Зүүнбаян өртөөг дахин сэргээхээр ажиллаж эхэлжээ. Ерөөс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт нь Зүүнбаян хэмээх мартагдах шахсан суурингийн амьдралыг “сэрээжээ”. Уудам говийн жижиг суурингаас айлууд нүүж, хот, аймаг барааддаг байсан бол одоо буцан очиж бууриа засах болсон гэнэ.

416-гаас хөдөлж, төмөр замыг даган давхив. Зүүнбаянд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 416 дахь км-ийн тэмдэглэгээ бий. Төмөр замчид тавьж буй төмөр замаа км-ийн тэмдэглэгээгээр нь нэрлэдэг. Тэд дээр тийм ажил өрнөж байгаа, төдөд гүүр барина гэх мэтээр ярилцах аж. Төмөр замын бүтээн байгуулалт улстөржилт дагуулсан сэдэв. Иймээс ч эл төмрийн замын бүтээн байгуулалтыг төрийн нууцад хамааруулсан гэж ойлгож буй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавих нь буруу, зөв, эдийн засгийн үр ашигтай, ашиггүй гэсэн мэтгэлцээнд яс хаях биш, тэнд бүтээн байгуулалт хэрхэн өрнөж буйг энэ удаад тэмдэглэхийг эрмэлзэв.

Зүүнбаянгаас төмөр зам даган баруун тийш Тавантолгойн нүүрсний ордыг зүглэн давхих зуурт бараа, материал, шороо чулуу ачсан хүнд даацын машинууд тоос манарган тааралдана. Өдгөөгөөс жилийн өмнө говь нутгийн энэ орчин хэний ч гар хүрээгүй зэлүүд нутаг байжээ. Тэгвэл зурайсан төмөр зам бут сөөгөөр чимэглэсэн говийн уудам хөндийг “зүсэн” баруун тийш алсарчээ. Энэ төмөр замыг өвлөөс өмнө Тавантолгойн орд хүргэх төлөвлөгөөтэй. Төмөр замын трассын дагуу хүний газар хүрээгүй, хөндөөгүй газар үлдээгүй гэнэ. Говийн хөндлөн төмөр замын бүтээн байгуулалтын 389 км-т ирэв. Энд хүрээд төмөр замын бетон дэр, зам төмрийг нь дэвссэн хэсэг дууслаа. Уг төмөр замын км-ийн тэмдэглэгээ Тавантолгойгоос эхэлж байгаа бол бүтээн байгуулалт нь Зүүнбаянгаас баруун зүгт үргэлжилж байна. Галт тэрэг зорчиход бэлэн болсон төмөр зам Зүүнбаянгаас 27 км зайд үргэлжилжээ. Эл төмөр замын доод бүтэц буюу даланг өнгөрсөн оны тавдугаар сарын 23-наас барьж эхэлсэн. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос хойш дээд бүтцийг нь тавьсан. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд 27 км төмөр замыг ашиглахад бэлэн болгосон гэсэн үг.

“Улаанбаатар төмөр зам”-ынхан төмөр замын дээд бүтцийг долоо хоногт зургаан км-ээр урагшлуулж буй аж. Зам төмрийн нийлүүлэлт нэмэгдвэл долоо хоногт үүнээс олон дахин урт зам төмөр дэвсэх гэнэ. 389 км-т бид “Улаанбаатар төмөр зам”-ын Зам, засварын машинт станцын цувааны дарга П.Энхбаатартай уулзлаа. “Улаанбаатар төмөр зам”-д 33 жил ажилласан тэрбээр Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон төмөр замын томоохон засварын ажилд оролцож, Сэлэнгэ аймгийн Ерөө, Дорноговийн Алтанширээ сумд төмөр замыг тавихад удирдаж ажиллажээ. П.Энхбаатар “Улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ачаа тээврийн замыг тавьж буйдаа баяртай байна. Монголын төмөр замчид төмөр замын ямар ч бүтээн байгуулалт хийх ажлын туршлага, мэдлэгтэй болсон” гэж бахархан ярьсан юм. Төмөр замын дээд бүтэц буюу зам төмрийг дэвсэхэд есөн тусгай техник хэрэглэдэг гэнэ. Үе угсрах баазад бетон дэртэй нь бэхэлсэн зам төмрийг “КЖУ-571” төмөр замын кранаар тээвэрлэн ирж дэвсэнэ. Чиг баригч машинаар хазгай муруйг нь засаж, нэг шугамд оруулна. Мөн чигжигч машинаар хоёр зам төмрийн өндрийг тэнцүүлдэг байна.

Төмөр замыг дэвссээр Зүүнбаянгаас алсарна. Замчдын хэрэгтэй бэлдэц материалаа татах зай холдоно. Тиймээс тэд тавьсан төмөр замаараа нүүдэллэнэ. Утсаар кино үзэж суугаа мөнөөх жаал хүү аав, ээжийн хамт явуулын вагон кэмпдээ суугаад Тавантолгой рүү дөхнө. Магадгүй түүнтэй ирэх намар таарвал Дорноговийн Зүүнбаянд биш, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгойд тоглоод гүйж явах биз.

Аяллаа цааш үргэлжлүүлэн төмөр замын өндөр даланг даган хурдлав. Зүүнбаянгаас алсрах тусам бараа, материал ачсан хүнд даацын машинууд тоос манарган тааралдах нь олширч байлаа. Ачаагаа дааж ядан гэлдрэх машинууд говийн уудамд ажил эрчимтэй өрнөж буйг илтгэнэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу даланг Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцан барьж буй. Тэдний харьяаны цэргийн гурван анги далан барьж байгаа аж. Мөн барилгын цэргийн дөрвөн анги уг төмөр замын нэг өртөө, зургаан зөрлөгийн барилгыг барьж буйг тэнд сонсов. Цэргүүд төмөр зам тавьж байна гэсэн ойлголтыг олон түмний дунд түгээсэн. Тэгвэл Зэвсэгт хүчний жанжин штаб зөвхөн цэргийн хүчээр төмөр замын даланг бариагүй. Тэднийх дотоодын авто замын 50 гаруй компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж буй. Энэ төмөр замыг монголчууд үндэсний компаниудынхаа хүчээр тавьж байгаа аж. Бүтээн байгуулалтад оролцож буй бүх компани үндэснийх бол хяналтыг нь “Тавантолгой төмөр зам” тавьж байх жишээтэй. Зам төмөр, бэхэлгээний бусад бараа, материалаа дотоодоосоо хангаж байгаа гэсэн.

Говийн шаргал нар, сэнсэн салхитай талаар төмөр замын даланг эмжин довтолгосоор “Туулын гүүр” компанийн кэмпэд хүрлээ. Далан барих туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй тус компанийн хамт олны ажил арав хоног саатжээ. Тэд төмөр замын далангийн 132 болон 74 метр урт хоёр гүүр барих гэрээ хийсэн байна. Гүүрний тулгуураа цутгахаар зэхэж байтал цемент тасарчээ. Тэднийд хоёр гүүр барихад нийт 1000 тонн цемент хэрэгтэй гэнэ. Төмөр замын бүтээн байгуулалт бүхэлдээ цементээр тасарсныг говийн салхинд дунд ийн дуулав. Улаанбаатарт энэ хаврын эхэнд тонн цемент 140 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо ханш нь 300 мянгаас давжээ. Уг нь манай улсад жилд тус бүр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн аж ахуйн нэгж бий. Гэтэл цемент тасарсан нь замчдын гайхшийг төрүүлжээ. Замчид “Сонгуульд нэр дэвшүүлээгүй гээд “МАК цемент”-ийн Н.Номтойбаяр, “Монцемент”-ийн Ц.Гарамжав нар цементээрээ боож байна” гэж хардаж байгаагаа нуугаагүй. Цемент болон зам төмрийн нийлүүлэлтээ нэмчихвэл төмөр зам тавих ажил “хурдаа авах” бололтой. “Улаанбаатар төмөр зам” компанийнхан эл төмөр замыг тавихын зэрэгцээ Сайншандаас Зүүнбаян хүртэл тавьсан хуучин замаа хүчитгэн, даацыг нь нэмэхээр төлөвлөсөн гэсэн. Ингэсний дараа тээвэр хийхэд бэрхшээлгүй болно.

Ирээдүйд энэ төмөр замаар Тавантолгойгоос нүүрс тээвэрлэнэ. Улаанбаатараас, урд, хойд хөршөөс Тавантолгой руу бараа, материал тээвэрлэх нь дамжиггүй. Төмөр зам хэзээд, аль ч улс орны хөгжлийн зүтгүүр байсаар ирсэн. Овор ихтэй ачааг хамгийн бага зардлаар тээвэрлэх боломж далайд гарцгүй манай орны хувьд төмөр зам билээ. Удахгүй энэ замаар хөгжлийн зүтгүүр хөвөрч эхлэх нь тодорхой. Зүүнбаянд явуулын вагон кэмпийнхээ дэргэд утас “ухаж” суугаа жаал хүү хожим удам залгасан төмөр замчин болж, галт тэрэгний жолоо залан бүтээн байгуулсан замаараа довтолгож явах ч юм билүү, хэн мэдэх вэ.

                                                                              Эх сурвалж: "Өнөөдөр сонин"

  • 2020-05-26 09:15:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00
    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00