Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн  ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоос бүрэн хангах боломжтой боллоо.

Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ ХНН-ийн ажилчид гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ.

Бетон дэрний үйлдвэрлэлийг дотоодын “Улаанбаатар БҮК” ХК, “Дорнод ган хийц” ХХК, УБТЗ ХНН, “Монгол технологи бүтээмж” ХХК зэрэг аж ахуйн нэгж хариуцан хийж байна.

УБТЗ ХНН мөн төмөр зам дагуух агаарын шугамын ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд нийт 380 км урт агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Монголд анх удаагаа төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг авто замаар тээвэрлэн авчирсан байна. Ингэснээр дээд бүтцийн ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан 100 км төмөр зам барьж, байгуулж дуусгах юм байна.

Цар тахлын үед ажлын байрыг хадгалж байна

Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын үед өрхийн орлогын эх үүсвэрийг хадгалж буй сайн жишээ болж байна.

Мөн энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын трассын дагуу ажиллах үеэрээ туслан гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, гүйцэтгэлийн түвшинг жигдрүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

  • 2020-05-11 13:49:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: “-МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ СУРСАН, 2020-2024 ОНД БИД ШИНЭЭР 3 ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМ БАРИНА”
    2020-11-09 08:14:00
    МТЗ” ТӨХК-ИЙН ХАБЭА ЗӨВЛӨЛ “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2020” ЦАХИМ СУРГАЛТАД НЭГДЛЭЭ
    2020-11-05 16:24:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2020-11-02 16:49:00
    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00