ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ “ЗАМЫН-ҮҮД ЛОГИСТИКИЙН ТӨВ”

Image

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрлах “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх МОН2719/0240 төсөл”-ийн гүйцэтгэл дуусаж, тус цогцолборыг улсын комисс 2018 оны 12 сарын 30-ны өдөр ашиглалтад хүлээн авсан.

“Бүс нутгийн логистикийн төв” нь нийт 128 га талбайг хамарч, чингэлгийн,хүнд даацын, агуулахын гэсэн 3 бүстэй байхаар төлөвлөгдөн, 50 тоннын даацтай 2 гүүрэн кран, механизмын засварын төв, 11.5 км төмөр замтай, 2 түвшинд огтлолцох хүнд даацын хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж болон 1.6 км авто замыг тус тус барьжээ. Логистикийн төвийн дулаан хангамжийн барилга, гаалийн барилга, ажилчдын болон захиргааны байр, засварын төв, цэвэр усны нөөц сан, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмж бай суурилуулалт, тоног төхөөрөмжийн засал чимэглэл, дохиолол холбоо, цахилгаан сүлжээ, шугам хоолойн дотор холболтын ажлуудыг чанарын түвшинд гүйцэтгэсэн.

-Тус логистикийн төвийн үйл ажиллагаа эхэлснээр манай улсад ямар ач холбогдолтой вэ?

Бүс нутгийн логистикийн төвийн үйл ажиллагаа эхэлснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн уул уурхайн салбарын том оврын  тоног төхөөрөмж болон манай улсаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэх техник технологийн боломж бололцоо бүрдэх юм.

Судалгаагаар өдөрт 8 орчим галт тэрэг БНХАУ-аас орж ирж байна. Тус байгууламж ашиглалтад орсоноор энэ тоо 2 дахин өсөх боломжтой болно.

2020 оноос транзит тээвэр, экспорт, импорт нэмэгдэж байгаатай холбогдуулаад одоо ашиглаж байгаа шилжүүлэн ачих байгууламжуудын хүчин чадал хангалтгүй байх тул энэхүү логистикийн төв хүчин чадлыг нэмэгдүүлэх юм.

Мөн төслийн хүрээнд Замын-Үүд боомтын хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрөх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээврийн терминал, ложистикийн үйлчилгээг бий болгох, авто замаас авто замруу, авто замаас төмөр зам руу ачилтад зориулсан тоног төхөөрөмж, менежментийн системийг нэвтрүүлэх зэрэг терминал ложистикийн төвийг барьжбайгуулснаараа онцлог.

Эдийн засгийн үр ашиг:

  • Монгол Улсын хэмжээнд ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Логистикийн төв нь 24 цагийн үйл ажиллагаатай 2 ээлжээр ажиллах бөгөөд хоногт 800 орчим вагон буюу 16 галт тэрэг хүлээн авч, ачиж буулгах, шилжүүлэн ачилт хийх хүчин чадалтай байна.
  • Зүүн Өмнөд Азиас ОХУ, цаашлаад Европт ачаа барааны урсгалыг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэхэд төмөр замаас төмөр замд, автомашинаас вагонд ачиж буулгах техник, технологийн боломжит нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын эдийн засаг, тээврийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бүс нутаг дахь олон улсын тээврийн бусад коридоруудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Орон нутагт 170-200 ажлын байр шинээр бий болно.

 

 

Эрх зүйн үндэслэл:

Монгол Улсын Засгийн газар 2011 онд Азийн хөгжлийн банктай хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулснаар “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байна.

Логистикийн төвийн хөгжлийн үе шат

1-р бүс Чингэлгийн бүс-Өдөрт 46 вагонтой 8 галт тэрэг боловсруулна. Жилд 280,000 чингэлгийн ачааг шилжүүлэн ачих чадалтай.

2-р бүс Овортой хүнд ачааны үе 40 вагонтой 12 галт тэрэг боловсруулна.

3-р бүс Агуулахын үе 40 вагоны хүчин чадалтай механик ачилтыг өдрийн 24 цагийн туршид хийвэл жилийн 270 хоногт 8100 ширхэг чингэлэг ачна.

Бүтээн байгуулалтын ажил:

Өнгөрсөн хугацаанд логистикийн төвийн үйл ажиллагаанд 11.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3.6 км цэвэр усны шугамын ажил, төмөр замтай 2 түвшинд огтлолцох гүүрэн байгууламж, 1.6 км авто замын барилга угсралтын ажил, 4.15 км гадна холбоо интернетийн шилэн кабель суурилуулах ажил, гадна цахилгаан станц, дэд станцын өргөтгөл, дэд станцын барилга угсралтын ажил тус тус хийгдээд байна.

Нийтлэгдсэн огноо: 2019-04-04 13:44:00