ТЯНЬЖИН ДАХЬ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ТӨВ ТӨСӨЛ

Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2009 онд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар болон Монгол улсын Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам хооронд санамж бичиг байгуулсан билээ.

 

Тус санамж бичигт БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 152 дугаар тогтоолоор Хятадын талтай хамтарсан тээвэр ложистикийн төсөл хэрэгжүүлэх Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг сонгож оролцуулах ажлыг зохион байгуулах тухай баталсан.

БНХАУ-ын Тяньжин боомтын Дунзян чөлөөт худалдааны боомт бүс, Ши ан өргөн чөлөөнөөс урагш, Ао Жоу гудамжны зүүн хэсэгт, Фей Жоу гудамжны баруун талын өмнөх хэсэгт байрлах 10 га газрыг Монголын тал эзэмшиж, Тээвэр логистикийн төв байгуулах энэхүү төсөл нь:

  • Монгол Улсын хилээр дамжин өнгөрүүлэх бараа бүтээгдэхүүнийг агуулах,
  • Задгай талбайн үйлчилгээ үзүүлэх,
  • Бараа бүтээгдэхүүнийг боловсруулан үйлдвэрлэх, уул уурхайн савлагаатай бүтээгдэхүүнийг хадгалах, хүнсний зарим бүтээгдэхүүнийг хөргөх,
  • Талбай түрээслэх
  • Тээвэр зууч, логистикийн үйлчилгээ үзүүлэх зорилготой.

Төслийн ач холбогдол:

  • Монгол Улсын Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг тогтоох, тээвэр логистикийн үйл ажиллагааг зохицуулах,
  •  Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох,
  • Хөдөө аж ахуйн болон малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох,
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ нөөцлөх, хадгалах, импортлох,
  • Дунзьян чөлөөт  худалдааны боомтын бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулах,
  • Ази Европыг холбосон логистикийн нэгдсэн систем бий болгох, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх,
  • Экспорт, импортын тээвэрлэлтийн хугацааг богиносгох, барааны эргэлтийг хурдасгах,
  • Хүнсний бүтээгдэхүүний нөөц бий болгон чанар алдагдуулахгүй хадгалах,
  • Монгол Улсын экспорт, импортын тээвэрлэлтийн зардлыг бууруулах,
  • Барааны нийлүүлэлтийг тогтворжуулах,
  • Үйлдвэрлэлийн бусад импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хагас боловсруулалт хийх,

 

Тяньжин боомтын танилцуулга

Тяньжин боомт нь хүчин чадал, ачаа бараа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд 4 дүгээрт, Азид 3 дугаар байранд ордог ба дэлхийн 180 оронтой 400 гаруй далайн тээврийн чиглэлээр холбогдсон.

Жилд 500 сая гаруй тонн ачааг дэлхийн өнцөг булан бүрт тээвэрлэдэг.

Тяньжин боомт нь Бохай тэнгисийн эрэгт үндсэн 5 боомтоос бүрддэг.

  1. Дунзьян чөлөөт худалдааны боомт бүс
  2. Нанзян боомт
  3. Бейзян боомт
  4. Линган эдийн засгийн бүс
  5. Нанган үйлдвэрлэлийн бүс

Дунзян чөлөөт худалдааны бүсийн тухай

“Тээвэрлогистикийн төв” төсөл нь Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяаны гаалийн баталгаат боомт” бүсэд 50 жилийн хугацаанд 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшиж, тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлэх юм.

“Дунзяан гаалийн боомт бүс” нь Терминал, логистик, аялал жуулчлалын бүсээс бүрдэнэ.

  • Нийт 30 км талбайтай
  • 14 сая чингэлэг буулгах хүчин чадалтай
  • Ачаа эргэлтийн хэмжээ 80 сая тн
  • Эко үйлдвэрлэл явуулах боломжтой

Төслийн үйл явц:

2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотноо Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотын Ардын засгийн газар болон Монгол Улсын Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яамтай хамтран Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт Монгол-Тяньжины эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай 2009 оны санамж бичгийг зурсан.

2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 152  дугаар тогтоолоор 2009 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Дунзян гаалийн баталгаат боомт” бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр логистикийн төсөл хэрэгжүүлэх Монголын талын төлөөлөлөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөлөлийг сонгож оролцуулах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгасан.

2018 оны 05 дугаар сард Монгол Улсын “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагыг уялдуулан Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээр болон “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” хэлэлцээр, “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд шатны хөтөлбөр” зэргийг тус тус үндэслэн 2009 оны санамж бичгийг шинэчлэн байгуулсан.

Үүний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хоёр улсын Ажлын хэсгийн Наймдугаар хурлыг хуралдуулж, Наймдугаар хурлын тэмдэглэлийг албан ёсоор зурж баталгаажуулж, 2018 оны 10 дугаар сарын 23-нд БНХАУ-ын Улс Төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Хунг Жун айлчлах үеэр Монголын талаас ЗТХЯ, “МТЗ” ТӨХК, Хятадын талаас Тяньжин хотын Ардын засгийн газар, “Тяньжин порт” групп хооронд “Тяньжин тээвэр логистикийн төв” төслийн “Хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр”-ийг зурж албажуулсан.

Мөн Монгол-Тяньжины 2 талын ажлын хэсгийн ээлжит 8 дугаар хуралдаанаар харилцан тохиролцсоны дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний А/74 тоот тушаалаар БНХАУ-ын “Тяньжин порт” групп компанитай хамтран “Тяньжин тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийн гэрээ, дүрмийг боловсруулах, ТЭЗҮ-ийг шинэчлэх Монголын талын Ажлын хэсэг байгуулагдсан.

Энэхүү Ажлын хэсэг нь Тяньжин хотын Барилгын зураг төслийн хүрээлэнгийн 2014 онд боловсруулсан ТЭЗҮ-д тооцоо судалгааны ажлыг гүйцэтгэн ажиллаж байсан боловч, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “ӨМУҮЭХХ” ХХК болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамтарсан компани болох “Монголиан порт групп” ХХК байгуулагдаж, хамтарсан компаний ТУЗ-ийн шийдвэрийн дагуу тус Ажлын хэсгийг дахин шинэчлэн байгуулахаар болсон.

Одоогоор урьдчилан байгуулагдсан Монголын талын Ажлын хэсэг нь БНХАУ-ын “Тяньжин порт” групп компаниас хамтарсан компаний гэрээ, дүрэм болон урьдчилсан ТЭЗҮ-ийг хүлээн авч монгол хэлнээ орчуулж байна.